Нас барсан хүүгийнхээ "Хүүхдийн мөнгө"-ийг авч байсан иргэнд оноосон ялыг Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн хэмээн тус шүүхээс тойм мэдээлэл бичжээ.
Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1994 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
Хэргийг шалгах явцад шүүгдэгч Б.А нь өөрийн хүү болох Б-г 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ОХУ-ын Кызиль хотод төрүүлсэн боловч хүү нь 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн төвд нас барсан байна. Гэвч Б.А нь нас барсан хүүгээ нас барсны бүртгэлд оруулж, хасалт хийлгэх иргэний үүргээ биелүүлэхгүйгээр 2019 оны 06 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд бодит байдлыг нууж, төрөөс олгодог хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авсаар нийт 5,500,000 төгрөгийн тэтгэмж авч ашигласан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч А-г бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Б.А нь иргэний нэхэмжлэгч Халамжийн санд 5.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.А-г “Бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авсан” гэм буруутай үйлдэлд нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон гэж үзэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.