Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн дугаар байрны зургаан давхрын орон сууцны дээвэр дээрээс хүүхэд үсрэх гэж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр буюу хоёрдугаар сарын 26-ны 18:02 цагт иржээ.
Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 18:06 цагт хэргийн газарт очсон байна. Очиход 13 настай охин байрны дээвэр дээр гарч, амиа хорлох үйлдэл хийх гэж байсан тул алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, ятган тайтгаруулж, аюулгүй байдал ханган буулгажээ. Ингэснээр болзошгүй аюулаас нэг иргэний амь насыг аварсан байна. Охинд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, нөхцөл байдлыг тодруулах чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж байна.