Цагдан хоригдож, шалгагдаж байсан Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавилаа

Цагдан хоригдож, шалгагдаж байсан Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавилаа

"ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг АТГ-аас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээний Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр зөвлөхөөрөө ажиллаж байсан П.Товуудоржийн төрсөн дүү П.Даваадоржийн 100 хувийн эзэмшлийн компанийг шалгаруулж, 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авсан гэх хэрэгт холбогдсон байдаг. 

Улмаар Н.Тавинбэхийг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан бөгөөд Н.Тавинбэхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлж, энэ дагуу үргэлжлүүлэн хорьж шалгаж байсан. 

Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих шүүгчийн захирамжид түүний өмгөөлөгч гомдол гаргасан байна. Энэ дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд  хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.