Цахим орчинд хямд үнэтэй буйдан, гэр ахуйн бараа захиалга авна хэмээн иргэдийг төөрөгдүүлж, 55 орчим сая төгрөгийн хохирол учруулсан этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шуурхай илрүүлэн баривчилжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, тухайн этгээд нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг мэт харагдах цахим хуудас ашиглан иргэдийн хэрэгцээ, сонирхолд тулгуурлан урьдчилгаа төлбөр авч, бараа нийлүүлэхгүй байх замаар залилан үйлдсэн байна. Уг хэрэгт холбогдуулан “Ч” гэх иргэнийг баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Сүүлийн үед цахим худалдаа, онлайн шоптой холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа тул баталгаагүй цахим хаягт итгэж урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа.
ВИДЕО: