С.Буман-Эрдэнэ: Б.Амарсайхан бид хоёр найзууд. Аав маань буруу ойлгоод ташаа мэдээлэл түгээсэн байсан

С.Буман-Эрдэнэ: Б.Амарсайхан бид хоёр найзууд. Аав маань буруу ойлгоод ташаа мэдээлэл түгээсэн байсан

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газарт энэ сарын 15-ны /2026.02.15/ өдөр нэр бүхий хүмүүс зодолдож, нэгнийхээ биед халдсан. Уг хэргийг "Говь" компанийн захирал Б.Амарсайхан өдөөн турхирч, иргэн С.Буман-Эрдэнийн биед халдуулсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа. Энэ талаар тухайн иргэний аав Л.Сүмбанд "Миний хүү Таванбогдын Баатарсайханы хүү Б.Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залууст зодуулсан нь үнэн" гэх мэдээллийг хүүгийнхээ зургийн хамт нийтлээд байсан нь олны анхаарлыг татсан.

Тэгвэл бид уг асуудлыг иргэн С.Буман-Эрдэнээс тодруулж дараах мэдээллийг бэлтгэлээ. 

ВИДЕО: 

-Тухайн өдөр чухам юу болсон юм бэ. Энэ талаарх мэдээллийг та өгөөч?

-Уг нь нээх сүртэй юм болоогүй. Харин цахим сүлжээнд нэлээдгүй сэвэгдсэн байна лээ. 

-Говь компанийн гүйцэтгэх захирал Б.Амарсайханы өдөөн турхиралтаар нэр бүхий хүмүүс таны биед халдсан гэдэг мэдээлэл гараад байна. Энэ асуудлыг та дэлгэрүүлж ярих боломжтой болов уу?

-Би тухайн өдөр найз охинтой валентины баяр тэмдэглээд явж байсан. Зодоон болсон уу болсон. Гэхдээ Б.Амарсайханы өдөөн хатгалга гэдэг юм уу тийм зүйл бол байгаагүй. 

-Тэгэхээр таны биед ямар хүмүүс халдсан юм бэ. Зодоон болох шалтгаан нь юу байсан юм бэ?

-Огт танихгүй хүмүүстэй үл ойлголцол үүсээд л зодоон болсон. 

-Таны биед ямар гэмтэл учирсан юм бэ. Тухайн үеийн хэргийн талаар жаахан дэлгэрүүлж ярих боломжтой болов уу? 

-Гэмтлийн зэргээ тогтоолгохоор шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ хэргийн талаар худал мэдээлэл битгий тараагаачээ гэж хүсмээр байна. 

-Уучлаарай. Таны аав гэх хүн "Говь"-ийн Б.Амарсайханы өдөөн турхирсан хүмүүс хүүгийн минь биед халдсан" гэх мэдээллийг дэлгэж, энэ дагуу хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид ааваас тань тодруулж, мэдээлэл бэлтгэсэн байсан шүү дээ?

-Аав маань болсон хэргийн талаар огт мэдэхгүй байгаа. Аав хүний хувьд л санаа зовоод тэрхүү постыг бичсэн юм шиг байна лээ. Би ч өөрөө хараад их гайхсан. Тийм болохоор аавдаа болсон хэргийн талаар хэлж, санаагаа зовоогоод хэрэггүй гэдгээ хэлсэн. Аав маань болсон үйл явдлыг болсон байдлаас нь илүү сүртэйгээ, мафийн зодоон шиг зүйл болсон мэтээр бодоод байсан байна лээ. Тийм зүйл огт байгаагүй. Олон нийтэд ч гэсэн хандаж хэлэхэд хэн нэг нь өдөөн турхираад намайг зодуулсан тийм зүйл огт байгаагүй учир энэ хэрэгт бус өөр томоохон зүйлд анхаарал хандуулаач ээ гэж хэлмээр байна. 

С.Буман-Эрдэнэ

-Тухайн хүмүүс үл таних хүмүүс байсан гэлээ шүү дээ. Нийт хэдэн хүн таны биед халдсан юм бэ?

-Гурван хүн байсан. Тэр гурван хүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. 

-"Говь" компанийн захирал Б.Амарсайханыг та таних уу. Ямар нэгэн таагүй харилцаатай байдаг зүйл байгаа болов уу. Таныг Д.Саяннямбуу гэх хүний найз учир Б.Амарсайхан өдөөн турхирч бусдаар таныг зодууллаа гэх мэдээлэл гараад байсан?

-Д.Саяннямбуу болон Б.Амарсайхан нарыг хэн хэнийг нь танина. Аамаа буюу Б.Амарсайхан бид хоёр найзууд. Нэгнээ багаасаа мэднэ. 

-Тухайн үед буюу таныг зодуулсан тэр өдөр Б.Амарсайхан та хоёрын дунд ямар нэгэн таагүй харилцаа үүсэн зүйл байдаг юм болов?

-Тийм зүйл огт байгаагүй. Ер нь хүмүүс явуулж, өдөөн хатгаж намайг зодуулсан зүйл огт байгаагүй гэдгийг дахин хэлье. 

-Цахим сүлжээнд иргэд өөр өөрийн байр сууриа л илэрхийлж байна. Зарим нь аав нь постоо устгачихлаа. Тохирч бариад аав нь постоо устгалаа гэх мэдээлэл яваад байна. Энд та хариулт өгөөч?

-Тийм зүйл огт байхгүй. 

-Таны биеийн байдал ямар байна вэ. Ямартай ч шүүх эмнэлэгт үзүүлсэн юм байна?

-Биеийн байдал дажгүй ээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид ажлаа хийж байгаа. надтай байнга холбоотой байгаа. Би ярилцлагаа дуусгаад очиж уулзана. Цахим орчинд элдэв буруу ташаа мэдээлэл яваад байгаа учраас яриа өгч байгаа юм. 

-Таны хувьд чөлөөт уран бүтээлч хүн шүү. Ярианыхаа төгсгөл уран бүтээлийнхээ талаар товчхон яривал?

-Би өөрийнхөө хувьд уран бүтээл туурвиад 6-7 жил болж байна. Удахгүй шинэ дуугаараа уулзацгаая.  




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө