Цагдаагийн дэд ахлагч Э.Насан-Эрдэнэ: Шатаж байсан байшингаас бага насны хүүхдийг аварсан ч, ээж нь дотор байгааг мэдээгүйдээ харамсаж байна

Цагдаагийн дэд ахлагч Э.Насан-Эрдэнэ: Шатаж байсан байшингаас бага насны хүүхдийг аварсан ч, ээж нь дотор байгааг мэдээгүйдээ харамсаж байна

Сар шинийн баяр дөхөхтэй холбоотойгоор айл өрхүүдэд гал, цахилгаан, архи согтууруулах ундаатай холбоотой ахуйн осол нэмэгдэх эрсдэлтэй байдаг. Иймд, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагч, ахуйн гал түймрээс бага насны хүүхдийг авран хамгаалсан цагдаагийн дэд ахлагч Э.Насан-Эрдэнэтэй ярилцлаа.

ВИДЕО:

– Манай сайтын уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

– Сайн байцгаана уу. Намайг Э.Насан-Эрдэнэ гэдэг. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч. Цагдаагийн байгууллагад дөрвөн сар гаруй хугацаанд ажиллаж байна.

– Гал гарсныг хэзээ мэдсэн бэ?

– 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өглөө шөнийн эргүүлээс буугаад хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгсөн. Гэр рүүгээ буцаж явах замдаа нэгэн байшингаас их хэмжээний утаа гарч байгааг анзаарсан. Тэр даруй Онцгой байдлын газарт дуудлага өгч, мэдээлсэн.

– Дуудлага өгсний дараа та шууд дотогш орсон уу?

– Хашаанд ороход галын тархац нэлээд их болсон байсан. Үүд хэсэгт цахилгааны утас шатаж, хэлбэлзэл үүссэн байдалтай байсан тул хаалгаар орох боломжгүй байв. Ойролцоох цонх руу очих үед хүний гар харагдах шиг болсон. Шууд цонхыг хагалсан. Дотроос нь хар утаа хүчтэй саагиж, бараг юу ч харагдахгүй байсан. Цонхоор хоёр гараа оруулж тэмтрэхэд нэг зүйл баригдах шиг болсон. Татаж гаргаж иртэл бага насны хүүхэд байсан.

– Хүүхдийн биеийн байдал ямар байсан бэ?

– Ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Гэхдээ угаарын хордлогын сэжигтэй байсан тул хүүхдийг даархаас сэргийлж хувцсаараа ороогоод машиндаа суулгасан. Удалгүй ирсэн түргэн тусламжийнханд хүлээлгэн өгсөн. Орой нь эмнэлгээс гарсан гэж сонссон.

– Онцгой байдлын алба хэр хугацаанд ирсэн бэ?

– Ойролцоогоор 09:10 цагт дуудлага өгсөн. Алба хаагчид 6–7 минутын дотор ирсэн. Намайг очих үед гал дотор талдаа аль хэдийн тархсан, их хэмжээний хар утаа гарч байсан.

– Харамсалтай нь уг гал түймрийн улмаас хүүхдийн ээж амь насаа алдсан. Та энэ талаар хэзээ мэдсэн бэ?

– Онцгой байдлын алба хаагчид галыг бүрэн унтраасны дараа мэдсэн. Маш их харамссан. Ойр дотныхон нь тухайн эмэгтэй Дархан-Уул аймагт амьдардаг, хүүхэдтэйгээ Сэлэнгэ аймагт ээж дээрээ ирээд хоёр хоносон байсан талаар ярьж байсан.

– Таны хувьд энэ эрсдэлтэй алхам байсан. Тухайн мөчид юу бодогдож байв?

– Дотор хүн байгаа бол амжиж аварчих юмсан л гэж бодсон. Өөр зүйл бодох сөхөө байгаагүй.

– Сар шинийн баярын өдрүүдэд ахуйн осол нэмэгдэх хандлагатай байдаг. Иргэдэд хандаж юу зөвлөх вэ?

– Бид тангараг өргөсөн алба хаагчид. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй. Иймд галын аюулгүй байдлаа сайтар хангах, цахилгааны бүрэн бүтэн байдлыг шалгах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөе. Мөн онцгой нөхцөлд цагдаа, онцгой байдлын алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хамтран ажиллах нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө