Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, Өвчний хяналт сэргийлэлтийн үндэсний төв байгуулах Засгийн газрын газрын шийдвэр гарсантай холбоотой мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Өчигдөр (2026.02.11) Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн салбарын хамгийн чухал хэсэг болох өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогц тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх түүхэн шийдвэрийг гаргалаа.
Дэлхийн улс орнууд энэ тогтолцоог эрүүл мэндийн салбарынхаа гол үндэс болгодог. АНУ-ын CDC, БНСУ-ын KDCA, Европын ECDC, Сингапурын CDC зэрэг байгууллага 24 цагийн турш тандалт, судалгаа, эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлын түвшинд ажилладаг байна.
Үүний үр дүнд нэгдүгээрт, өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо илүү бэхжинэ. Хоёрдугаарт, халдварт болон халдварт бус өвчний дэгдэлтийг урьдчилан таамаглах, төлөвлөх, бэлтгэл хангах, тэсвэрлэх чадавхыг сайжруулах нэгдсэн тогтолцоо бүрдэж байна хэмээлээ.
-УЛААНБУРХАНЫ ТАРХАЛТ НАМЖИХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХАМРАГДАЛТ 70 ХУВЬТАЙ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ-
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Монгол Улсад халуун орноос зөөвөрлөгдөн ирсэн Улаанбурхан өвчний тохиолдлын тоо 14 мянга хүрснийг салбарын сайд онцоллоо. Тэрээр нийт хамрагдах ёстой хүүхдүүдийн 70 гаруй хувь нь л дархлаажуулалтад хамрагдсан нь өвчний тархалт намжихгүй байгаагийн шалтгаан хэмээлээ. Мөн өвчилсөн хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцинд хамрагдаагүй байжээ.
Тухайн өвчний хариу арга хэмжээнд зориулан Засгийн газраас 5.5 тэрбум төгрөгийг нөөцөөс гаргасан нь өвчний тархалт намжихад нөлөөлсөн гэлээ. Сайд Ж.Чинбүрэн, “Урьдчилан сэргийлэлтэд зарцуулсан нэг төгрөг 10 дахин өсөж өгөөжөө өгдөг” хэмээн онцлов. Түүнчлэн Цагаан сарын баярын үеэр иргэдийг вакцинд хамрагдахыг уриалж, гуравдугаар сарын дунд үеэс томуу, томуу төст өвчин болон улаанбурханы дэгдэлт нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав.
-ЭМИЙН ҮНЭ, ДААТГАЛААС АВСАН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭД ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО-
Иргэд D-health.mn, E-Mongolia, E-Barimt платформоор дамжуулан эмийн сангуудад эм ямар үнээр зарагдаж байгааг харах боломжтой болжээ. Жишээлбэл, E-Mongolia аппликейшний “Эрүүл мэнд” цэсэнд оршин суугаа газрын 5 км радиус доторх эмийн сангуудын үнийн мэдээлэл харагдана. Мөн эрүүл мэндийн даатгалаас авсан тусламж үйлчилгээний мэдээллийг аппликейшнээр дамжуулан хянах, мэдэгдлээ сар бүр мессежээр авах тогтолцоо нэвтэрчээ. Ингэснээр даатгалын санхүүжилтийн гүйцэтгэлд иргэдийн хяналт нэмэгдэж, бодит бус нэхэмжлэл илгээх эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ гэв.