Эх, Хүүхдийг Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Монголд ганц байдаг MRI аппарат эвдэрсэний улмаас тархиндаа гэмтэл авсан болон бусад хүүхдүүдэд оношилгоо хийж чадахгүй, эмнэлгийн цагийг нь цуцалж байж болзошгүй нөхцөл байдал өнгөрсөн онд үүссэн.
Энэхүү Siemens Magnetom, Amira 1.5 Tesla MRI аппаратыг анх 2022 онд Австралийн засгийн газрын төслийн санхүүжилтээр захиалж авч байсан түүхтэй. Гэтэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Монголд ганц байсан уг аппарат эвдэрсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар мэргэжлийн бус хүн MRI аппарат дээр ажиллаж, өндөр соронзон долгион үүсгэдэг уг аппаратад хүчилтөрөгчийн баллон залгуулсан нярай хүүхэд оруулсаны улмаас багахан хэмжээний дэлбэрэлт үүсэн MRI аппаратыг эвдэлсэн байгаа юм. Уг нь MRI аппарат руу ороход хүчилтөрөгчийн баллон байтугай биед ямар нэгэн төмөр эдлэл байхыг хатуу хориглодог билээ.
Ингээд MRI аппаратгүйн улмаас ЭХЭМҮТ-д хүүхдүүд оношлогдож чадахгүй байх, улмаар хоёр хүүхэд эмчлэгдэж чадалгүй нас барсан байж болзошгүй гэх мэдээллүүд ч тухай үед гарч байв.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, “ЭХЭМҮТ-ийн MRI аппарат эвдрээд, засвар хийх 500 сая төгрөгийг шийдэж өгсөн ч ажил удаашралтай байгаа” тухай мэдээлж байсан. Тэгвэл олон сар MRI аппаратгүй байсан ЭХЭМҮТ өнгөрсөн оны есдүгээр сард 1 тэрбум 459 сая 900 мянган төгрөгийн "Багаж, техник хэрэгсэл ханган нийлүүлэх" тендер зарласан бөгөөд үүн дотроо Соронзон резонанст томографийн аппаратны сэлбэг хэрэгсэл худалдан авах 380 сая төгрөгийн тендерийг багтаажээ. Уг тендерт Б.Бямбажаргал өмчлөгтэй “Сетунари” гэх компани шалгарсан байна.


Ингээд олон сар дуншсан уг асуудал шийдэгдэж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-ноос ЭХЭМҮТ-ийн MRI аппарат хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн захирлаар ажилладаг Ж.Отгонбаатар MRI аппарат дээр мэргэжлийн бус хүн ажиллуулснаас уг гэмтэл гарсан гэх мэдээлэл бий. Түүнийг УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдох үедээ буюу 2024 онд ЭХЭМҮТ-ийн захирлаар томилсон байдаг бөгөөд MRI аппарат руу хүчилтөрөгчийн баллоонтой нярай хүүхэд оруулсан талаарх мэдээллийг ор тас нуусан байж болзошгүй байна.