"УБ-Сонгдо" эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэнээс коронавирусийн халдварын шинж илэрсэн бөгөөд түргэвчилсэн шинжилгээгээр вирус илэрсэн гэх мэдээлэл гарсан билээ. Энэ талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД-19 "эерэг" буюу халдвартай гэж гарлаа. Нэг иргэн нь өндөр настан бөгөөд ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-ны үед очсон. Тус иргэнийг Сонгдо эмнэлэгт, нөгөөг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй бөгөөд ямар ч тохиолдлыг PCR оношлуурыг ашиглан баталгаажуулж байгаа" гэлээ.