Цэргийн алба хаагч бие биедээ хүч хэрэглэж зодсон үйлдлийг ХЭҮК-оос холбогдох ажиллагаа, баримтжуулалтыг хийж эхэлжээ

Цэргийн алба хаагч бие биедээ хүч хэрэглэж зодсон үйлдлийг ХЭҮК-оос холбогдох ажиллагаа, баримтжуулалтыг хийж эхэлжээ

Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон асуудал үүссэн. Улмаар өнөөдөр /2025.12.24/ ЦЕГ болон Дотоодын цэргийн штабаас мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор ХЭҮК мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Цэргийн алба хаагч бие биедээ хүч хэрэглэж зодсон үйлдлийг ХЭҮК-оос холбогдох ажиллагаа, баримтжуулалтыг хийж эхэлсэн. Дүрмийн бус харилцааг таслан зогсоох урьдчилан сэргийлэх чиглэлээр УИХ-ын 2022 оны 49 дүгээр тогтоол гарч хэрэгжилтийг жил бүр үнэлж, хяналт шалгалт зохион байгуулж, хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгах, нээлттэй сонсголд тайлагнаж байгаа ч зөрчил гарсаар байгаад харамсаж байна. Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн бус заалт зөрчих, хүч хэрэглэх нь гэмт хэрэг, хүний эрхийн ноцтой зөрчил тул холбогдох байгууллагууд шуурхай шалгаж зохих хариуцлагыг хүлээлгэж байж энэ төрлийн зөрчил бүрэн таслан зогсоогдоно. Мөн шат шатандаа дотоод хяналт шалгалтаа сайжруулж, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, соён гэгээрүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээгээ бодитой зохион байгуулах ёстой. Шалгалтын үр дүн, нөхцөл байдлын талаар комисс албан ёсоор мэдээлэх болно” гэжээ.