СУРВАЛЖИЛГА: Бага насны хүүхдүүд хувцас хатаагчинд гараа хавчуулж, шөрмөс, хурууны үеэ таслах тохиолдол гарч байна

СУРВАЛЖИЛГА: Бага насны хүүхдүүд хувцас хатаагчинд гараа хавчуулж, шөрмөс, хурууны үеэ таслах тохиолдол гарч байна

“ГССҮТ-ийн нэг тасагт хувцас хатаагчинд гараа хавчуулж, гэмтсэн гурван хэвтэн эмчлүүлж байна” гэвэл та итгэх үү. Энгийн, өдөр тутмын хэрэглээ болсон хувцас хатаагч хүүхдэд хүнд гэмтэл учруулж байна гэхээр хэн бүхэн төдийлөн итгэдэггүй байна. Иймд энэ удаагийн мэдээллийг иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс бэлтгэлээ.

ВИДЕО:

"ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР ЗӨВХӨН ХУВЦАС ХАТААГЧИНД 35 БАГА НАСНЫ ХҮҮХЭД ГАРАА ХАВЧУУЛЖ, ГЭМТЖЭЭ"

Энэ оны эхний 11 сарын байдлаар аливаа нэгэн зүйлд хавчигдаж гэмтэл авсан 3.507 хүн ГССҮТ-өөс тусламж, үйлчилгээ авсан байна. Үүний 1.502 нь бага насны хүүхэд байгаа аж.

Харин энэ оны эхний 11 сарын байдлаар зөвхөн хувцас хатаагчинд 35 бага насны хүүхэд гараа хавчуулж, гэмтжээ. Хувцас хатаагчинд гараа хавчуулснаар ихэвчилэн гарын шөрмөс, хурууны нэгдүгээр үе гэмтэж тасрах, хурууны зөөлөн эд гэмтэх тохиолдол гардаг бөгөөд заавал мэс засалд орох шаардлагатай болдог байна.

Өөрөөр хэлбэл, 35 хүүхэд насан туршдаа үлдэх сорвитой болж, хөдөлмөрийн чадвараа алдсан гэсэн үг юм. Энэ бол анхаарах ёстой асуудал мөн.

“ХАМГИЙН СҮҮЛД ОЙ ДӨРВӨН САРТАЙ ХҮҮХЭД ХУВЦАС ХАТААГЧИНД ХУРУУГАА ХАВЧУУЛЖ, ХУРУУНЫ НЭГДҮГЭЭР ҮЕЭ ТАСАЛЧИХСАН БАЙСАН”

ГССҮТ-ийн гар сарвууны тасгийн их эмч Т.Баян-Өлзий “Сүүлийн үед хувцас хатаагчинд хүүхдийн хуруу хавчигдаж гэмтэх тохиолдол нэмэгдэж байна. Тодруулбал, Хатаагчны тулгуур төмөр болон нугасанд хавчуулагддаг. Улмаар хамгийн хөнгөн гэмтэл нь шөрмөсний гэмтэл байдаг. Харин цаашлаад ясны хугарал, хуруу тасрах тохиолдол ихээр бүртгэгдэж болсон. Гэмтэж байгаа хүүхдүүд ихэвчилэн дөнгөж мөлхөж, алхаж эхэлж байгаа хүүхдүүд байна. Энэ насны хүүхдүүд яс бүрэн бэхжээгүй байдаг учир гэмтэл илүү хүнд байдаг. Гэхдээ зөвхөн хүүхдүүд гэж ойлгож бас болохгүй. Насанд хүрсэн хүмүүс ч энэ төрлийн гэмтлийн шалтгаантай ирж, үйлчлүүлж байгаа. Өнгөрсөн онд энэ төрлийн гэмтэлтэй 25 хүүхэд хандаж, тусламж үйлчилгээ авч байсан бол энэ оны эхний 11 сарын байдлаар 35 болж нэмэгдсэн байна. Хамгийн сүүлийн тохиолдол гэхэд, ой дөрвөн сартай хүүхэд хувцас хатаагчинд хуруугаа хавчуулснаас, хурууны нэгдүгээр үеэ тасалчихсан тохиолдол бүртгэгдсэн. Энэ асуудалд эцэг эхчүүд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Уламжлалт хувцас хатаадаг "Хэц" байдаг шүү дээ. Түүнийг эргүүлэн хэрэглэсэн ч болно. Нэг ч гэсэн хүүхэд бүү гэмтээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Хичээл амарсан энэ үед бага насны хүүхдүүд гэртэй үлдэх, ах эгч нар нь дүүгээ харах зэрэг тохиолдол нэмэгддэг. Улмаар ахуйн осол нэмэгддэг "жишиг" бий. Энэ үед иргэн та болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө