"Өөрсдөө хориотой бодис хэрэглэж эрхээ хасуулчхаад холбооноос допинг ам руу нь хүчээр хийсэн мэт харлуулах нь зохисгүй"

"Өөрсдөө хориотой бодис хэрэглэж эрхээ хасуулчхаад холбооноос допинг ам руу нь хүчээр хийсэн мэт харлуулах нь зохисгүй"

Монголын пауэрлифтингийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны хэлснээр, Монголын допингийн эсрэг байгууллагад пауэрлифтингийн тамирчид допинг хэрэглэдэг гэх худал мэдээллийг С.Минжбаатар өгсөн. Уг худал мэдээллийг олон нийтэд тарааснаар холбооны үйл ажиллагаанд дарамт шахалт үүсч, удирдлагууд болон холбооны гишүүд рүү чиглэсэн дарамт, буруу ойлголт нэмэгдэж байгаа гэлээ.

Тус холбооны төлөөлөл “Румынд болсон пауэрлифтингийн ДАШТ-нд Монголын баг анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, маш өндөр амжилт үзүүллээ. Манай хоёр тамирчин түүхэнд байгаагүй амжилт гаргасан. Эмэгтэйчүүдийн -84 кг жинд ОУХМ С.Мөнхзул нийлбэр дүнгээр Монголын эмэгтэй тамирчдаас анх удаа дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн. Мөн эрэгтэйчүүдийн -120 кг жинд ОУХМ Т.Сайфолла мөн мөнгөн медаль авсан. Ингэснээр Монголын баг анх удаа нийлбэрийн хоёр мөнгөн медальтай эх орондоо ирсэн.  Сүүлийн үед цахим орчинд зарим тамирчид буруу мэдээлэл түгээж байна. Тухайлбал, тамирчин Б.Маралыг тэмцээнд нь явуулахгүй хохироосон гэх мэдээлэл тараасан. Энэ бол худал. Энэ асуудал допингийн дүрэмтэй шууд холбоотой. Б.Марал өөрөө хориотой бодис хэрэглээгүй. Харин асуудал нь түүний дасгалжуулагчтай холбоотой юм. Б.Маралын дасгалжуулагч С.Минжбаатар нь өмнө нь сэргээш хэрэглэсний улмаас 7 жилийн эрхээ хасуулсан тамирчин. Япон улсад болсон Ази, Номхон далайн аваргад оролцохдоо Б.Марал өөрийн допингийн мэдүүлгийн хуудсан дээр дасгалжуулагчаа Минжбаатар гэж бичсэн. Ингээд “яагаад сэргээшийн хоригтой ийм хүн тамирчны дасгалжуулагчаар ажиллаж байна вэ?” гэсэн асуудал олон улсын байгууллагаас албан ёсоор тавигдсан. Нэмж хэлэхэд, дэлхийн аваргад оролцох эрх нь улсын аваргад 1-р байрт орсон тамирчинд олгогддог. Б.Марал улсын тэмцээнд 2-р байр эзэлсэн тул эрхээ аваагүй. Энэ бүх үндэслэлээр сахилгын хороо хуралдаж, Б.Маралын эрхийг 2 жилээр хасах шийдвэр гаргасан.

Сүүлийн үед допингтой холбоотой шийтгэл авсан тамирчид өөрсдөө буруугаа хүлээхгүйгээр холбоо руу дайрч, худал мэдээлэл тараах болсон. Зарим нь холбооны санхүүжилттэй холбож буруу ойлголт өгч байна.

Үнэндээ энгийн пауэрлифтингийн тамирчдад улсаас ямар нэгэн санхүүжилт, зардал, тэтгэлэг байхгүй. Дэмжлэг олддог нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын пауэрлифтинг юм. Энэ хоёрын ялгааг ойлгох хэрэгтэй. Тэмцээн уралдааны зардлаа тамирчид өөрсдөө гаргадаг, зохион байгуулалт ч мөн адил. Өөрсдөө хориотой бодис хэрэглэж эрхээ хасуулчхаад холбооноос допинг ам руу нь хүчээр хийсэн мэт бүхнийг бусдаас болсон мэтээр харлуулах нь зохисгүй” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: