БАРИМТ: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Тони Блэйр сан”-гаас зөвлөх үйлчилгээ авахаар 11 тэрбумын гэрээ байгуулжээ

БАРИМТ: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Тони Блэйр сан”-гаас зөвлөх үйлчилгээ авахаар 11 тэрбумын гэрээ байгуулжээ

2024 оны 11 сарын 13-ны өдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, “Тони Блэйр” сангаас зөвлөх үйлчилгээ авахаар 3.100.000 доллар буюу 11.1 тэрбум төгрөгийн гэрээг байгуулсан байна. Тодруулбал, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” УТҮГ болон “Тони Блэйр институт” нарын хооронд “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх" гэрээг байгуулжээ.

-ГЭРЭЭНИЙ ДАГУУ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД МЭДЭЭЛЛЭЭ ТУС САНД ХҮРГҮҮЛЖ БАЙСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ БАЙНА-

Зорилго нь олон улсын хэмжээнд болон бусад байдлаар Монгол Улсыг сурталчлах. Хамгийн ноцтой нь гэрээний “5.2.6-д олон улсад сурталчлах Монгол Улсын хөгжлийн бодлого, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, шаардлагатай хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг баталгаажуулахыг шаардах” гэж заасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ заалтаар Монгол Улсын төрийн бүх байгууллагууд сар бүр бүх мэдээллээ тус санд хүргүүлдэг байсан гэх. Үүнд, Тагнуулын байгууллага ч багтаж байсан тухай мэдээлэл бий.

Уг гэрээнд заагдсан ажлын хуваарь хэсэгт

Үнэлгээний үе шат: 

  • 1 сар -  Алсын хараа 2050-ийн тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх
  • 1 сар - Засгийн газрын бүтцийн санал
  • 2 сар - Гүйцэтгэх удирдлагын зохион байгуулалт

Төлөвлөлтийн үе шат: 

  • 3 сар - Алсын хараа 2050-ийн тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх
  • 2 сар - Засгийн газрын бүтцийн санал
  • 3 сар - Гүйцэтгэх удирдлагын зохион байгуулалт

Хэрэгжүүлэх үе шат: 

  • 11 сар - Алсын хараа 2050-ийн тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх
  • 11 сар - Засгийн газрын бүтцийн санал
  • 10сар - Гүйцэтгэх удирдлагын зохион байгуулалт гэж тусгасан байна. 

Цаашлаад энэ хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Тони Блэйр Төр удирдах тухай” номыг гаргасан гэж буй. Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сарын 22-нд Монголын Социал Демократ Намын дарга асан Баабар, социал демократ үзэл баримтлалыг тунхагласан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар Их Британийн Хөдөлмөрийн Намын социал демократ Тони Блэйрийн “Төр удирдах тухай” гэх номыг хамтран нээсэн байдаг.  

-Д.МӨНХ-ЭРДЭНЭ: ЭНЭ ГЭРЭЭ НЬ ТЕНДЕРИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН-

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ энэ гэрээний талаар graph.mn сайтад өгсөн ярилцлагадаа “1 жил 6 сарын хугацаатай, ойролцоогоор 10 гаран тэрбум төгрөгийн үнийн дүнтэй зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан байна. Бидний зүгээс харахад энэ гэрээ нь тендерийн хууль зөрчсөн байна лээ. Тендерийн хуулийн гадаад зар сурталчилгаа гэдэг нэр томьёоны хүрээнд “зөвлөх үйлчилгээ авах” гэрээ байгуулсан. Тодорхой хэмжээний буюу 1.8 сая ам доллар буюу 6.5 тэрбум төгрөг нь гарчихсан байна. Тиймээс энэ гэрээг цуцалж байна. Гэрээ цуцалсны дараа ямар зөвлөх үйлчилгээг гэрээний хүрээнд үзүүлсэн бэ гэдгийг дүгнэнэ. Дүгнэлт гарсны дараа тодорхой арга хэмжээг авна. Ямар ч байсан ийм төрлийн гэрээ байгуулсан нь өөрөө хууль бус” хэмээн мэдэгджээ.