Ирэх долоо хоногт Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэж магадгүй байна.
Тухайлбал, маргааш /2025.10.13/ хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх бол Пүрэв гараг /2025.10.16/-ийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тов гараад байна. Мөн энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах асуудал ч парламентад орж ирж магадгүй байна. Учир нь түүнийг огцруулах албан бичигт УИХ-ын 67 гишүүн гарын үсгээ зураад байгаа юм.
Мөн даваа гараг /2025.10.13/-аас баасан гараг /2025.10.17/-ийг хүртлэх хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг улсад төрийн айлчлал хийнэ. Харин Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын цөөнгүй гишүүд багтаад буй. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргаж, "УИХ-ын гишүүдийг 2025 оны 10 дугаар сарын 13-17 ны өдрүүдэд албан томилолтоор болон хувийн ажлаар гадаад улсад явахыг түр хугацаагаар хязгаарласан" байна.