Улсын Их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы ирэх 7 хоногийн буюу 2025.10.13-10.17-ны өдрүүдэд хэлэлцэх асуудал, тов, дараалал зарлагдлаа. Гэтэл тус тов, дарааллаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хасагджээ. Тус хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой байсан юм.
Эргэн сануулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг Баасан гарагт /2025.10.10/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор 14.00 цагт хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариултаа авсан. Гэсэн ч ажлын цаг дууссан гэх үндэслэлээр ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир маргааш буюу 2025.10.13-ны өдрийн 11 цаг хүртэл тус хуралдааныг хойшлуулсан байдаг.
Харин маргааш /2025.10.13/ Хууль зүй байнгын хороо, Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон УИХ дахь намын бүлгүүд хуралдах тов гараад байна.