Хууль, зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг сурталчлах нэрийдлээр улсын төсвийн долоон тэрбум төгрөгөөр "Монгол хаан" жүжгийг санхүүжүүлсэн тухай баримтыг дэлгэлээ.
Тэрбээр "Улс төрийн нөхцөл байдал “халж” үнэн худал нь мэдэгдэхгүй олон асуудал, мэдээлэл ойрын өдрүүдэд хөвөрсөн тул мэдэгдэлдээ хөндөхөөр бэлтгэж байсан зарим асуудлыг нотлох баримттайгаар дэлгэж байна. Д.Амарбаясгалантай холбоотой гэх Админерал компанитай холбоотой мэдээлэл гадаадын нэр бүхий сайтад 2023 оны 09 сард (Нүүрсний сонсгол болохоос 3 сарын өмнө) мэдээлэгдсэн байдаг.
Монгол улсын дотоод улс төрийн мэдээллүүд сүүлийн 2-3 жилд гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад их гардаг, гадаад суртачилгааны давтамж өндөр болсоныг та бүхэн мэднэ.
Үүний зардал мөнгө харин хаанаас санхүүждэг байсныг хэн ч мэддэггүй. Тэгвэл Монголын ард түмний өмч болсон төрийн өмчийн компанаас нууц гэрээ хийгдэж энэ бүх ПР, суртачилгаа хийгддэг байсан нь дараахь баримтаар нотлогдоно.
Нэг. Эрдэнэс-Оюу толгой компани нь Л.Оюун-Эрдэний Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компаний бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад суртачилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов.