Г.Занданшатар: ҮАБЗ-өөс ямар ч оффтейкийн гэрээ байгуулдаггүй, би лав оффтейкийн гэрээ байгуулах нь битгий хэл барьж үзээгүй, харж ч үзээгүй

Г.Занданшатар: ҮАБЗ-өөс ямар ч оффтейкийн гэрээ байгуулдаггүй, би лав оффтейкийн гэрээ байгуулах нь битгий хэл барьж үзээгүй, харж ч үзээгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Ерөнхий сайд та хэдээс хэдэн оны хооронд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргаар ажилласан бэ. Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаа суудаггүй байсан юм уу. Ил болгочихсон оффтейк гэрээг л ил болголоо гээд байх юм. Төмөр зам байгулах шийдвэрийг хэн гаргасан юм, төмөр зам барих мөнгийг хаанаас гаргая гэж шийдсэн юм. Шийдвэрийг яагаад нууцалсан юм. Тэр нууцалъя гэдэг шийдвэрийг хэн гаргасан юм. Протколыг нь ил гаргамаар байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн та ч бас хариул. 2019-2022 оны хооронд  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэр байна лээ. Нүүрсний 30 хэдэн гэрээ байгаа юм. АМНАТ хууль зөрчсөн л байна ш дээ. Яагаад бусдад ийм давуу байдал үүсгэж байгаа юм. Төсвийн алдагдлыг хэн нөхөх вэ, 200 тэрбум гэж яриад байгаа?" гэлээ.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар "Б.Баярбаатар гишүүн та төрийн түшээ хүн хуулиа сайн судлах хэрэгтэй. ҮАБЗ оффтейк гэрээ юм уу, гүйцэтгэх засаглалын шийдвэр гаргадаггүй, зөвлөмж гаргадаг. ҮАБЗ-өөс ямар ч оффтейкийн гэрээ байгуулдаггүй, би лав оффтейкийн гэрээ байгуулах нь битгий хэл барьж үзээгүй, харж ч үзээгүй. Сая л гэрээг ил болоход нь харлаа. Яг ийм хэл ам маргаан нүүрсний жагсаалын дараа гараад УИХ -ын гишүүд нууцтай танилцах бүрэн эрхийнхээ хүрээнд танилцах чиглэл өгөөд гишүүд уншиж үзээд ҮАБЗ -ийн зөвлөмжийг үзээд оффтейкийн гэрээ ҮАБЗ -өөр батлагдаж байгаагүй юм байна. Харин улс үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд шаардлагатай томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарч байсан байдаг. Зөвлөмжтэй танилцчих хрээгтэй. Тэнд байгаа нарийн ширийнийг хууль хяналтын байгууллага тогтоох хэрэгтэй байх. Шийдвэрүүд бүгд баримттай нотолгоотой ил тод болох ёстой. Н.Номтойбаяр гишүүн шаардаад байсан ш дээ. Оффтейк гэрээний нүүрийг нь үзүүлчихээд гэрээ нь байхгүй байна, ил тод болгооч ээ гээд шаардсан.  Тэр хүсэлтийн дагуу л ил тод болгосон. Албан бичиг ч зөндөө ирсэн. АМНАТ тооцох журам бол хууль зүйн үндэслэлтэй. Засгийн газрын 55 дугаар тогтоол бол Монгол Улсын Үндсэн хууль,  Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхайн биржийн тухай хуультай бүрэн нийцсэн. Үндсэн хуулийн зөрчил үүсгээгүй, УИХ -ын Татвар тогтоох эрхэд халдаагүй" гэв.