УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хэрэгт нэр холбогдсон байж болзошгүй мэдээлэл олон нийтийн анхааралд ороод байгаа. Иймд УИХ дахь АН-ын бүлэг “УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хурал удирдах эрхээсээ түдгэлзэх”-ийг шаардаж, чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд орох ч, санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ сарын 08-ны өдөр /2025.10.08/ мэдээлэл хийж, "Д.Амарбаясгаланыг албан тушаалаасаа түр түдгэлзэх"-ийг шаардсан юм. Иймд тэд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаасаа "түр түдгэлзэх"-ийг шаардсан албан бичгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн бланк дээр үйлдэж, гишүүдээр гарын үсэг зуруулж эхлээд байсан юм.
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түдгэлзүүлэх парламентын гишүүдийн шаардлага, энэ сарын 08-ны /2025.10.08/ орой түүнийг албан тушаалаас нь "огцруулах" болон өөрчлөгдсөн бөгөөд УИХ-ын гишүүн З.Мэндсайханы бланк дээр гишүүдээр дахин гарын үсэг зуруулсан байдаг.
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, "уг бичигт 60 гаруй гишүүн гарын үсгээ зурсан. Ингээд өнөөдөр /2025.10.10/ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг парламентад өргөн барихаар болсон" гэсэн мэдээллийг өглөө.