ШУУРХАЙ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг 14.00 цагт ТББХ, 16.00 цагт чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ

ШУУРХАЙ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг 14.00 цагт ТББХ, 16.00 цагт чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ

Өнөөдөр /2025.10.10/ 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 16.00 УИХ-ын чуулганы хуралдаан хуралдаж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэнэ. 

Eu хуралдааны өмнө Ардчилсан намын бүлэг хуралдаж, санал дүгнэлтээ нэгтгэнэ. Мөн тус бүлэг завсарлага авч болзошгүй. Ингэхэд нь хуралдаан даргалагч тус бүлэгт цөөн цагийн завсарлага өгөх болов уу гэсэн таамаг байна. Үндсэн хуулийн 33.1-т Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан.  Энэ дагуу УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж байгаа юм.

Хэрвээ нийт гишүүдийн 50+1 хувь буюу 64-өөс дээш гишүүн дэмжвэл Ерөнхий сайд Г.Занданшатар огцорно. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох юм.

УИХ-ын дэгийн тухай хуулинд

  • 101.1.Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
  • 101.2.Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна.
  • 101.3.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна.
  • 101.4.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.
  • 101.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
  • 101.6.Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол 5 минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
  • 101.7.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.
  • 101.8.Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй гэж Цэц дүгнэлт гаргасан бол энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийг харвал Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнээс эхлээд Засгийн газрыг унагахад жин дарах гишүүн олонтой байна. Ганц жишээ хэлэхэд, тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир л гэхэд Засгийн газрыг огцруулахыг дэмжиж мэдээлэл хийсэн билээ. Харин чуулганы хуралдааны үеэр Ардчилсан намын бүлэг хэрхэн ажиллах нь Г.Занданшатарын Засгийн газрын хувь заяаг шийдэх нь.