УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар нүүрсний гэрээг хянан шалгах түр хороо сонсгол хийхээр 32 гишүүний гарын үсэг цуглуулсан талаар өнөөдөр /2025.10.09/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Бид гурван долоо хоногийн өмнө Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам буюу нүүрс худалдан авах Харбины гэрээний асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах ажлыг санаачлан ажиллаж байна. Хуулийн дагуу 32-оос доошгүй гишүүд гарын үсэг зурсан байх ёстой бөгөөд энэ тоондоо хангалттай хүрсэн. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүнээс 70-80 хувь шууд хамаардаг. Түүний гол хэсэг нь нүүрс юм. Удахгүй УИХ-ын Тамгын газарт албан бичгээ өргөн барьж, энэ ондоо багтан сонсгол хийхээр тооцоолж байна. Засаж, залруулах бүрэн боломжтой гэж харж байна" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа " Энэ хугацаанд багагүй асуудал тулгарсан. Гарын үсэг зурж, дэмжих гэж байгаа УИХ-ын гишүүд рүү гар утас руу нь залгаж, янз бүрийн дарамт үзүүлж байлаа. Хэрвээ ямар нэгэн асуудалгүй, ард түмний төлөө энэ гэрээний нөхцөлүүд хийгдсэн байсан бол нууцлах шаардлагагүй байсан. Эсрэгээрээ энэ ажлаараа бахархаж, ард түмэндээ танилцуулах байсан. Харамсалтай нь хянан шалгах түр хороог байгуулахгүй байх сонирхолтой байлаа. Үндсэн хуулиараа байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан. Ард түмэн мэдэх эрхтэй. Энэ байгалийн баялгийг хэдэн төгрөгөөр хэрхэн худалдах болсон талаар мэдэх ёстой.
Засгийн газрын хуралдаанаар өчигдөрхөн нууцад авсан оффтейк гэрээнүүдийг ил болгох шийдвэрийг гаргалаа. Энэ бол хянан шалгах түр хороо байгуулж, шалгах болсонтой тодорхой хэмжээний холбоотой, эхнээсээ үр нөлөө гарч байна гэж үзэж байна. Тийм учраас бид бүх зүйл нь ил тод гэдэг утгаараа гэрээ хэлэлцээрүүдтэй танилцаж, холбогдох шинжээч нартай хамтран ажиллах бүрэн боломжтой болсон. Хамгийн гол нь эхлээд нөхцөлийг тохирохдоо биржийн үнээр нүүрс худалдан авахад бэлэн байна, гагцхүү тавхан хувийг хямдруулаач ээ гэж айлын тал хүссэн. Түүнийг нь Монголын тал хүлээн зөвшөөрч, биржийн үнэ 100 ам.доллар байхад 95 ам.доллараар нүүрсээ зарах боломжтой байсныг хэзээд 50 ам.доллар болж буурсан асуудлын хариултыг олох ёстой. Бид энэ үнийг нэмүүлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлнэ. Магадгүй 55 ам.доллар гэж тохирсныг 65 ам.доллар буюу нэг тонн тутамд 10 ам.доллар нэмж, нийт 250 сая тонн гэдэг чинь 2.5 тэрбум ам.долларын ашгийг олж болно. Манай улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэх 10 их наяд төгрөгийг дахин хэлэлцээрээ өөрчилж, гадаа жагсаж буй багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг нэмэх бүрэн боломжтой. Одоо 36 гэрээ ил болсон ч Харбины гэрээ хэлэлцээр ил болоогүй байна. Одоогийн байдлаар чиглэл өгсөн, "Эрдэнэс Тавантолгой" ХК албан ёсоор ил гаргаагүй байна. Магадгүй ирэх Даваа гарагаас ил тод болгоно гэж найдаж байна. Шинэ тутам байгуулсан гэрээ учраас яаралтай засаж, залруулах шаардлагатай" гэв.