УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хэрэгт нэр холбогдсон байж болзошгүй мэдээлэл олон нийтийн анхааралд ороод байгаа. Иймд УИХ дахь АН-ын бүлэг “УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хурал удирдах эрхээсээ түдгэлзэх”-ийг шаардаж, чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд орох ч, санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өчигдөр /2025.10.08/ мэдээлэл хийж, Д.Амарбаясгалан дарга албан тушаалаасаа түр түдгэлзэхийг шаардсан юм. Иймд тэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа түр түдгэлзэхийг шаардсан албан бичигт гарын үсэг зуруулж эхлээд байсан юм.
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түдгэлзүүлэх парламентын гишүүдийн шаардлага, өнөөдөр /2025.10.08/ орой түүнийг албан тушаалаас нь "огцруулах" болон өөрчлөгдсөн байна.
Энэ талаар УИХ-ын нэр бүхий гишүүн манай редакцад, "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ёс зүйн хариуцлага тооцох шаардлагад хоёр өдрийн өмнөөс эхлэн гишүүдийн гарын үсгийг цуглуулж байсан. Тэгвэл уг бичиг өнөөдөр орой УИХ-ын даргыг "огцруулах" болон өөрчлөгдөж гишүүдээр дахин гарын үсэг зуруулах процесс эхэллээ" гэсэн юм. Сонирхуулахад, өчигдөр /2025.10.08/ Д.Амарбаясгалангийн талын гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг өргөн барьсан. Иймд Баасан гараг /2025.10.10/-т Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал УИХ-аар хэлэлцэгдэх юм. Энэхүү асуудлыг өмнө болон дараа нь Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас нь чөлөөлөх асуудал яригдаж магадгүй боллоо.