Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг баасан гарагт УИХ-аар хэлэлцэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг баасан гарагт УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн албан бланк дээр Ерөнхий сайдыг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж, өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. П.Сайнзориг гишүүний бланк дээр 50 гаруй УИХ-ын гишүүн гарын үсэг зурсан гэж буй.

Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.  УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан бол УИХ 7 хоногийн дотор хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэр гаргана гэсэн хуулийн заалттай. Хэрвээ нийт гишүүдийн 50+1 хувь буюу 64-өөс дээш гишүүн дэмжвэл Ерөнхий сайд Г.Занданшатар огцорно. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох юм.

УИХ-ын дэгийн тухай хуульд:

  • 101.1.Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
  • 101.2.Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна.
  • 101.3.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна.
  • 101.4.Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.
  • 101.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
  • 101.6.Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол 5 минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
  • 101.7.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.
  • 101.8.Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй гэж Цэц дүгнэлт гаргасан бол энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө