ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан сайд Ж.Энхбаяр нь гадаад орчин амаргүй үед улс төрийг тогтворгүй байдал руу түлхэх хэрэггүй гэв

ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан сайд Ж.Энхбаяр нь гадаад орчин амаргүй үед улс төрийг тогтворгүй байдал руу түлхэх хэрэггүй гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ёс зүйн шаардлага хүргүүлж, өчигдөр /2025.10.08/ Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгуулсан. Тус хэвлэлийн хурлын үеэр МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын даргыг бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагад шалгуулахыг шаардсан юм. 

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гадаад орчин амаргүй байгааг сануулж, дотооддоо бодлогын түвшинд чамбай ажиллаж, эвтэй байх цаг үе гэдгийг анхааруулсан юм. Түүний хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай учир улс төрд үүсээд буй нөхцөл байдал нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх цаашлаад нийгэм болоод улс төрийг тогтворгүй байдал руу түлхэх эрсдэлтэй гэдгийг сануулсан Тиймээс УИХ-ын даргыг нэр холбогдсон асуудлаараа шалгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

Тодруулбал, тэрбээр "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага, Монголын ард түмний төлөөлөл. Энэ утгаараа  төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж буй хүн ёс суртахууны, ажил мэргэжлийн, улс төрийн өндөр туршлагатай, цэвэр байх ёстой. Сүүлийн үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой ноцтой, Үндэсний аюулгүй байдалд харшлах мэдээлэл гарч байна. Монголын ард түмэн баялагтаа эзэн байхыг хүсч байгаа. Байгалийн баялаг шударга хуваарилагдаж, улс орны хөгжил дэвшлийн төлөө зориулагдахыг хүсч байгаа. Баялагтаа эзэн Монгол гэдэг үзэл санааг хэрэгжүүлэхэд УИХ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, улс төрийн манлайллыг шийдвэрлэх ёстой. Улс төрийн бүх намууд энэ бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Энэ утгаараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрс түүнтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийг шалгуулж, нэрээ цэвэрлэтэл УИХ-ын даргын албан тушаалыг хаших эрхгүй. Хууль хяналтын байгууллагууд хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж Монголын ард түмэнд тайлбарлах ёстой. Хууль хэрхэн шударга үйлчилдэгийг харуулах ёстой. Тийм учраас намын 35 гишүүн АН-ын бүлгийн санаачилгыг дэмжиж, УИХ-ын дарга албан тушаалаасаа түдгэлзэж шалгуулах ёстой гэж үзэж байна. Хэрвээ энэ асуудал Засгийн газрыг тогтворгүй болгож, улс төрийн тогтворгүй байдлыг өдөөж аргалах гэж байгаа бол улс орны аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө.

Гадаад орчин амаргүй байна. Дэлхийн нийтээрээ их дайнд бэлдэж байна. Дэлхий дахин хуваагдал руу явж байна. Улс орон болгон стратегийн нөөцөө бүрдүүлж, дотоод үйлдвэрлэлээ бэхжүүлэх, хоол хүнсэндээ анхаарах бодлогыг хэрэгжүүлж байна. Бид өнөөдөр нүүрс тойроод үндсэн асуудлаасаа хөндийрч байгаа нь харамсалтай. 

Нам нүүрсний асуудлаас хол, цэвэр байх ёстой. Ялангуяа УИХ хол байх ёстой. Аливаа ямар нэгэн байдлаар нүүрсний болон авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс шалгуулж нэрээ цэвэрлэх ёстой" гэжээ.