Г.Занданшатарыг огцруулах бичигт АН-ын 12 гишүүн гарын үсгээ зурсан бол, Д.Амарбаясгаланг чөлөөлөх бичигт АН-ын бүлгийн 28 гишүүн зуржээ

Г.Занданшатарыг огцруулах бичигт АН-ын 12 гишүүн гарын үсгээ зурсан бол, Д.Амарбаясгаланг чөлөөлөх бичигт АН-ын бүлгийн 28 гишүүн зуржээ

МАН-ын даргын сунгаа, Хууль зүй дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилно гэснээс эхлэлтэй Монгол Ардын нам доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг огцруулж, чөлөөлөх асуудал болон парламентад орж ирээд байна.

Тодруулбал,  Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар парламентын 50 гаруй гишүүн гарын үсгээ зурж УИХ-д өчигдөр /2025.10.07/ өргөн барьсан бол, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөх 62 гишүүний гарын үсэг өчигдрийн байдлаар бүрдсэн гэх мэдээлэл гарсан. Улмаар өнөөдөр /2025.10.08/ Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас нь чөлөөлөх 63 гишүүний гарын үсгийг парламентад өргөн барьж магадгүй байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талд МАН-ын бүлгийн 30 гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатарын талд МАН-ын бүлгийн 35 гишүүн орж Монгол Ардын намын бүлэг хоёр хуваагдаад байгаа аж. Харин парламентад суудалтай жижиг намууд болох ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-ын гишүүд ч хуваагдан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатарын аль, алинд нь хүчээ өгч, тоог нь бага, багаар ахиулж байна.

-Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ 52 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАЙЖ МАГАДГҮЙ БАЙНА-

Тухайлбал, ХҮН намын Ж.Золжаргал гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөхийн талд байгаа бол, ХҮН намын Д.Доржханд, Б.Найдлаа нарын 6-7 гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахын талд байгаа аж. Харин Үндэсний эвслийн А.Ундраа гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөхийн талд байгаа бол, Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа нар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахын талд байгаа аж.

Үндсэндээ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан огцрох уу, Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох уу гэдгийг парламентад 42 суудалтай АН-ын бүлэг шийдвэрлэх болоод байна. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт УИХ дахь АН-ын бүлгээс Л.Гантөмөр, О.Алтангэрэл, Ц.Туваан, Э.Одбаяр, С.Ганбаатар, Г.Очирбат, Ж.Баясгалан, Ц.Мөнхбат, Б.Пунсалмаа, Ц.Мөнхтуяа, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин нарын нийт 12 гишүүн гарын үсгээ зурснаар УИХ-д өргөн баригдсан байна. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын танхимд ажиллаж байсан Л.Гантөмөр, О.Алтангэрэл, Ц.Туваан, Э.Одбаяр нарын дөрвөн гишүүн Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэсэн үг.

Г.Занданшатарыг огцруулах 50 гаруй гишүүний гарын үсгийг “нууцалж” байгаад өчигдөр УИХ-д өргөн барьсан. Харин МАН-ын бүлгийн 30 гишүүн, АН-ын бүлгийн 12 гишүүн, ХҮН намын долоон гишүүн, Үндэсний эвслийн гурван гишүүн, ИЗНН-ын нэг гишүүн М.Нарантуяа-Нара гээд УИХ-ын нийт 53 гишүүн Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан байж магадгүй байна.

Г.Занданшатарыг огцруулах асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн нэгдсэн шийдвэр гараагүй байгаа. Харин “Г.Занданшатарыг огцруулах асуудлыг дэмжихгүй” гэж гарвал, эдгээр 12 гишүүний санал өгөх байр суурь өөрчлөгдөнө. Улмаар бүлгийн шийдвэрийнхээ эсрэг саналыг гишүүд нь өгвөл “цаашид улс төрийн дэмжлэг АН-аас авч чадахгүй” болно.

-М.ЭНХБОЛДЫГ ЧӨЛӨӨЛСӨН ШИГ Д.АМАРБАЯСГАЛАНГ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЭНГИЙН ОЛОНХЫН САНАЛААР ЧӨЛӨӨЛНӨ-

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн чөлөөлөх бичигт өчигдөр /2025.10.07/-ийн байдлаар УИХ дахь АН-ын бүлгийн 28 гишүүн зурсан гэх мэдээлэл бий.  Эдгээр 28 гишүүний дотор Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан Ц.Мөнхбат, Б.Пунсалмаа нарын дөрвөн гишүүн ч багтаж байгаа ажээ. Товчхондоо, УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Мөнхбат, Б.Пунсалмаа нарын дөрвөн гишүүн Г.Занданшатар, Д.Амарбаясгаланг огцруулах бичигт аль, алинд нь зурсан гэсэн үг.

Тэгвэл Ө.Шижир, Х.Баттулга нарын АН-ын бүлгийн зургаан гишүүн Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг чөлөөлж, огцруулах аль ч бичигт нь гарын үсэг зурахгүй байгаа ажээ.

УИХ дахь АН-аас, “УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хурал удирдах эрхээсээ түдгэлзэх”-ийг шаардаж, чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд орох ч, санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй. Энэ байр суурь дээрээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хатуу байгаа аж. Иймээс ч УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөх бичигт АН-ын бүлгийн 28 гишүүн буюу олонх нь гарын үсэг зураад байгаа аж. УИХ-ын даргыг чөлөөлөх бичиг парламентын гишүүдийн хоёрны нэгийн саналаар өргөн баригдаж, энгийн олонхын саналаар шийдэгдэх хуулийн зохицуулалттай байна. Учир нь 2019 онд М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлөхийн тулд хуульд өөрчлөлт оруулж, “УИХ-ын гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг томилдог, чөлөөлдөг” болгосон. Тэгвэл энэхүү хуулийн зохицуулалт өнөөдөр ч хүчин төгөлдөр байна.