Д.Энхтүвшин: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагыг хүргүүлж байна

Д.Энхтүвшин: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагыг хүргүүлж байна

Д.Энхтүвшин нарын УИХ-ын 35 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гарган, өөрийн нэр холбогдоод байгаа авлига, албан тушаалын хэргүүдээ шалгуул хэмээн Ёс зүйн шаардлага хүргүүллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Сүүлийн үеийн улс төрийн хагарлаас шалтгаалж үндэсний эв нэгдэл, төрийн үйл ажиллагаа тасалдаж эхэллээ. Иймд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гарган, өөрийн нэр холбогдоод байгаа авлига, албан тушаалын хэргүүдээ шалгуулах ёстой хэмээн үзэж байна. Энэ шаардлага бол анх удаа бус Монгол ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавьж байсан. Ардчилсан намын бүлэг хүртэл энэ шаардлагыг тавьсан байдаг. Монгол Ардын намын гишүүд хүртэл дэмжиж шаардлага тавьж байгаа юм. Гэхдээ энэ бол огцруулах албан шаардлага биш юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа “УИХ-ын гишүүн бол ард түмний элч байдаг. Бид тангаргаа өргөхдөө Монгол улсын нийт ард түмэн, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэж тангараг өргөдөг. Монгол улсын их хурлын гишүүний хувьд нүүрсний хулгайн зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын даргад зарчмын шаардлага хүргүүлж байна. УИХ-ын даргын энэ үйлдэл төрийн нэр хүндийг унагааж, ард түмний итгэлийг бууруулна. Иймд би энэ албан шаардлагад гарын үсгээ зурсан. Энэ бол ардчилсан ёсны шаардлага. Хэрэв энэ асуудал холбогдоогүй бол шүүх тогтоочихно. Иймд УИХ-ын дарга бол төрийн гурван өндөрлөгийн нэг. Иймд манлайлан үзүүлж УИХ-ын дарга, УИХ-ын бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулахыг хүсэж байна” гэв.

ШУУД ҮЗЭХ: