Л.Мөнхбаатар: Миний талаар шийдвэр гаргасан бол надад танилцуулах ёстой байсан. Эргээд уулзах нүүртэй амьдарвал зүгээр

Л.Мөнхбаатар: Миний талаар шийдвэр гаргасан бол надад танилцуулах ёстой байсан. Эргээд уулзах нүүртэй амьдарвал зүгээр

Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/ сайдаар Б.Энхбаярыг томилсон бөгөөд одоо УИХ-д тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. 

Тэгвэл одоо ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар эл асуудлаар анх удаа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөө. Тэрбээр Зариг.мн сайтад өгсөн ярилцлагадааЮуны өмнө ХЗДХ-ийн яам, хуулийн салбар хэвийн үйл ажиллагаа явуулж, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байгааг хэлье. ХЗДХ-ийн сайдаар томилогдоод удаагүй байгаа ч бодлогын олон асуудалд төвлөрч ажиллаж байна. Эрх зүйн шинэтгэлийн ирэх 10 жилийн хөтөлбөрөө боловсрууллаа. Мөн Авлигатай тэмцэх багц хууль, Гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хар тамхи, мансуурахтай холбоотой хэргийн хяналт шалгалтыг чангатгах гээд олон хууль бэлэн болсон. Намрын чуулганд өргөн бариахаар ажиллаж бйна. Мөн Оюу толгой компанитай холбоотой арбитрын Хуралд ажлын хэсэг ахалж, Лондонд болсон хуралд оролцсон. Шийдвэр манай талд гарна гэдэгт итгэлтэй байна. Холбогдох ажлыг хийж байна. Мөн харьяа агентлагуудад процессын дахин инженерчлэл хийж эхэлсэн. Стратегийн 16 ордыг хуулийн дагуу олгосон эсэх ажлын хэсгийг бас ахалж байгаа. Энэ хүрээд байгалийн баялгаас иргэддээ хүртээх асуудлыг нэмэгдүүлнэ. Хууль зөрчсөн бол хураана гэдэг байр суурьтай яваа. Энэ бас зарим хүнд таалагдахгүй байж магадгүй ээ.

Г.Занданшатар даргатай УИХ, Засгийн газрын түвшинд олон жил хамтран ажилласан. ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаа талаар та нартай адил мэдээнээс харсан. Өглөө нь бид хоёр тааралдсан. Тухайн өдөр Хууль зүйн байнгын хороогоор хууль зүйн салбарын төсөв орсон өдөр, бид гар бариад л салсан. Тэгээд өдөр нь тийм мэдэгдэл хийсэн. Өөрийнх нь эрх. Гэхдээ надтай холбоотой шийдвэрийг гаргахдаа надтай яриад, хэлж болох байсан.

Энэ бол Мөнхбаатар, Занданшатар гэдэг хоёр хүний харилцаа биш. Төрийн харилцаа. Засгийн газрын шийдвэрийг холбогдох хууль журмынх нь дагуу танилцуулж явбал зүгээр. Эргээд уулзах нүүртэй, дахиад уулзах даваатай л амьдарвал зүгээр шүү дээ. Хүнийхээ хувьд ч хударгагүй зүйл болчихлоо гэж бодсон.

“Ард түмэндээ хандсан мэдэгдэл” гэж нэлээд ахадсан нэртэй мэдэгдэл хийчих шиг болсон. Гол агуулга намайг чөлөөлж, Б.Энхбаярыг томилох асуудал л байна лээ.  Нүүрсний асуудлыг шалгах гэж томиллоо гэчих шиг болсон. Би бол хэрэг ярихгүй, бодлого ярина гэдгээ хэлсэн. Сайдын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэдгээ ч хэлчихсэн. Миний зарчмын энэ байр суурь, хууль нь ч ийм юм. Энэ нь Ерөнхий сайдын улс төрийн үйл ажиллагаанд саад болжээ гэж харагдсан. Тиймээс намайг чөлөөлсөн гэж бодож байна. Тодорхой хэргийг шалгахын тулд... гэж ийм шийдвэр гаргах нь бас харамсалтай юм. Хараат бус ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж дэмжих нь зүй шүү дээ. Ер нь популизм бол шийдэл биш. Шийдэл бол хууль. Ер нь цаашдаа хэн ч сайдаар томилогдлоо гээд энэ зарчмыг барих хэрэгтэй гэж харж байгаа. Нүүрсний гэх хэрэг бол сонсголоор яригдсан баримт материалуудтай. Үүнийг цагдаа, тагнуул, АТГ-т хүргүүлсэн юм билээ. Прокурор харьяалал тогтоож, АТГ дээр нэгтгэн шалгах нь зүйтэй гэж үзжээ. Тэгэхээр АТГ бол ХЗДХ-ийн сайдын эрхлэх байгууллага биш. Тийм учраас би сайн ойлгоогүй. Намын даргын өрсөлдөөнөөс л үүдлээ шүү дээ. Нэг зүйлийг хатуу хэлмээр байна. Улс төрийн зодооны талбар индрийг хуулийн байгууллага дээр аваачиж болохгүй. Энэ бол хараат бусаар ажилладаг газар. Улстөрчдийн зодооны талбар болчихвол нийгмийн шударга ёс алдагдана. Шударга ёс хүч, сүр биш. Үнэнд л ойр байх ёстой. Үндсэн хууль дээдлэх зарчмаа баримталж ажиллаасай л гэж бодож байна" гэлээ.