УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг "чөлөөлөх" албан бичгийг Д.Энхтүвшингийн нэр дээр үйлдэн, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг "чөлөөлөх" албан бичгийг Д.Энхтүвшингийн нэр дээр үйлдэн, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ

Эрх баригч намын талцал гүнзгийрч УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр хүнийг огцруулах хэмжээнд хүрээд байна. Учир нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний хоёр нь. Тэгэхээр асуудал хүндрэх нь төрийг хямралд хүргэх эрсдэлтэй. 

-ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ АН-ЫН БҮЛГИЙН 7 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН УУ-

Тодруулбал, нэг талд "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах" бичгийг УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр гаргаж, 30 гаруй гишүүн гарын үсэг зурсныг өнөөдөр /2025.10.07/ УИХ-д өргөн барьж, пүрэв гараг /2025.10.09/-т хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байна. Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу парламентын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор гаргаж, улмаар олонх нь буюу 65 гишүүн дэмжсэн нөхцөлд Засгийн газрыг огцруулдаг. Ингэхээр 32 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурвал уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрдэж байгаа юм. УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлэхдээ энэ тоо бүрдсэн гэсэн юм.

Харин Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-аас "Женко" Х.Баттулга, Ц.Туваан, Л.Гантөмөр нар гарын 7 хүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. АН-ынхан өнгөрсөн Ням гараг /2025.10.05/-т албан бусаар уулзаж эл асуудлаар хэлэлцсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд өчигдөр болсон бүлгийн хурлаараа “Албан ёсоор орж ирснийх нь дараа хэлэлцэх нь зүйтэй” гээд тарсан.

Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг ёс зүйн хувьд чуулганы хуралдааныг даргалах боломжгүй гэж үзэж буй бөгөөд нэр холбогдсон асуудлаараа шалгуулах хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн шийдвэрийг гаргаад буй билээ.

Яг засаг огцруулахдаа тулбал, АН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь дэмжихгүй гэх мэдээлэл тус бүлэг дотор яригдаж байна. УИХ-ын гишүүн П.Сайнзориг Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэлийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалыг өөрчилж баталсан Засгийн газрын 55 дугаар тогтоолтой холбон тайлбарлаж байгаа. Тэрээр засгийн газар дур мэдэн АМНАТ тооцох аргачлалыг өөрчилж, улсын төсөвт орох ёстой байсан АМНАТ-ийн орлогыг 200 тэрбум төгрөгөөр бууруулсан нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж тайлбарлаж буй.  

-64 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАЙЖ ӨРГӨН БАРИХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ -

Тэгвэл нөгөө талд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх бичгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн бланк дээр үйлдэж гишүүдээр гарын үсэг зуруулж байна. Энэ бичигт 40 орчим гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ ялгаатай нь 64 гишүүн гарын үсэг зурж байж өргөн барих нөхцөл бүрдэнэ.

Эл бичигт Засгийн газрын гишүүд болон Б.Энхбаярыг МАН-аас хөөснийг эсэргүүцсэн нэр бүхий гишүүд дээр нэмээд МАН, АН-ын гишүүд гарын үсгээ зуржээ. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг УИХ-ын тухай хуулиар шийднэ. Тухайлбал, хэрэв эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж эхэлсэн бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломж бий. Үүний тулд Улсын ерөнхий прокурор санал оруулж, УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх үйл явцтай. Харин бусад үед өөрөө өргөдлөө өгнө, Үндсэн хуулийн цэц огцруулах дүгнэлт гаргана, УИХ-ын нийт гишүүний олонх санал гаргана гэсэн гарцууд бий. Үндсэн хуул цэцийн болон, УИХ-ын гишүүдийн гаргасан саналын аль алиныг парламентаар хэлэлцэж, ил санал хурааж шийдвэрлэдэг. Гэхдээ хэдэн гишүүний саналаар шийдвэрлэдэг эсэх нь тодорхойгүй байна.