Өнөөдөр /2025.10.06/ УИХ-ын гишүүн П.Сайнзориг төрийн сангийн дансыг улайлгаж, Үндсэн хуульд заасан нийт ард түмэнд хамаатай баялгийг АМНАТ-ийн аргыг бууруулах замаар хулгайлж байгаа Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах ёстой хэмээн мэдээлэл хийсэн. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан уг мэдээлэлд няцаалт хийлээ.
Тэрбээр "Монгол улсын төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Өнгөрсөн долдугаар сард төсөвт тодотгол хийсэн. Батлагдсан төсвийн дагуу, хуваарийн дагуу бүх зүйл хэвийн явж байна. Мөн өнгөрсөн сарын 30-ны байдлаар Монголбанк, ҮСХ-ны сайтад гарсан мэдээллээр Монгол улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. Энэ бол 4-5 сарын хугацаанд импортын хэрэгцээг хангах төсөв. Өнгөрсөн долоо хоногт “Олон улсын валютын санг”-ийн төлөөлөл манай улсад ажилласан. Манай улсын тухайд гадаад зээл, өр төлбөр зэрэг ямар нэгэн эрсдэлтэй зүйл байхгүй. Ирэх долоо хоногт би ОУВС-ийн намрын хуралд явна. УИХ-ын гишүүн П.Сайнзориг очиод лайв хийгээд, танилцсан ч болно шүү. Хятадын зээлжих зэрэглэл буурсан. Манайх Хятадаас ямар их хамааралтай байдаг билээ. Гэсэн ч манай зээлжих зэрэглэлийг хэвээр нь хадгалсан. АНУ-ын мөн унасан. Манайхтай ижил төстэй жижиг улсуудынх ч унасан. Харин манайх тогтвортой байж чадсан. Бид өөрсдөө хэлээд байгаа юм биш, олон улсад ингэж үзэж байна. Тийм учраас Төрийн сангийн үйл ажиллагаа, ОУВС-аас гарч буй дүгнэлтүүд, Монгол Улсын валютын нөөц гэх мэт эдгээр асуудлыг хэн дуртай нь гарч ирээд улс төржүүлж, цээжнийхээ бангаар ярьж болохгүй. Маш эмзэг асуудал шүү.
Монгол улсын ирэх оны төсвийн төслийг өнгөрсөн есдүгээр сард өргөн барьсан. Гэсэн одоог хүртэл хэлэлцэхгүй байна. Арван сар гарчхаад байхад төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээгүй . Угтаа бол 11 дүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвөө батлах ёстой. Энэ жилийн хувьд эдийн засгаа хадгалах, үргэлжлүүлэх нь маш чухал байна. Энэ жилийн төсөв бол хувийн хэвшилд суурилж эдийн засгаа өсгөх төсөв.
АМНАТ-ын тухай асуудалд Засгийн газар шийдвэрээ гаргасан. Засгийн газрын байр суурийг би хамгаалж ярина. Монгол Улс Үндэсний биржийн тухай хуультай болсон. Хятадын биржийн үнээр биш, өөрсдийн үнэтэй болох гэж ийм хуультай болсон. Биржээрээ ил тод бүх юм нь арилжаалагдаж байдаг, түүнээсээ АМНАТ тооцож авдаг л шилжилт. Ийм л тодорхой зүйлийг буруу талаас нь гуйвуулж болохгүй. П.Сайнзориг гишүүнийг өөрөө мэдэхгүй, ойлгохгүйдээ бус улс төрийн зорилготой байх гэж харж байна” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: