УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрыг огцруулах асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр " Үндсэн хуулийг зөрчиж, парламентын засаглалд халдаж, эдийн засгийг доройтуулж, дээрээс нь ард иргэдийг төөрөгдүүлж нийгмийн замбараагүй байдал руу түлхэж буй ноён Г.Занданшатарыг огцруулах асуудлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хөндөж тавих гэж байна. Та бүхэн мэдэж байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын 100 хоногт ямар ажил амжуулсан бэ гэдэг мэдээллийг өгөхдөө л "3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг маань дэлхийн аварга болсон, и спортын Mongolz баг дэлхийн аварга болсон. Энэ бол Засгийн газрын хийсэн агуу ажлын нэг байлаа" гэж ярьж олон нийтийн бухимдуулсан. Ерөнхий сайд өөр ажил хийсэнгүй. Нөхцөл байдлыг бид дүгнэж үзсэн. Ялангуяа улс орны эдийн засагтай холбоотой өгсөн макро түвшний тоо нь бүгд худлаа байна. 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд төлбөрийн тэнцлийг 462.4 сая доллар, урсгал данс 1 тэрбум 662.1 сая доллараар алдагдалтай, шууд хөрөнгө оруулалт 945 сая доллар болж 9.6 хувиар буурсан нь эдийн засгийн өрсөлдөх чадвар сулрах, гадаад өрийн үйлчилгээний эргэн төлөлтөд хүндрэл үүсгэх, тэнцлийн алдагдлийг гадаад өрөөр санхүүжүүлэх эрсдэл үүсэхээр байна гэж аудит дүгнэсэн. Би сэтгэл хөдлөлөөр биш баримттай ярина. Монголбанкнаас өгч буй мэдээллээр валютын нөөц 5.7 тэрбум долларт хүрлээ гэж Ерөнхий сайд хэлсэн. Гэхдээ гадаадаас босгосон төлөгдөх ёстой бондууд болон арилжааны банкууд дахь валютын нөөцийн нийлбэрийг нийлүүлээд энэ дүнг хэлээд байгаа. Эдийн засаг хэрхэн агшиж, сунаж буй нь эндээс харагдаж байна. Гэтэл бодит байдал дээр экспортын орлого огцом унаж валютын нөөц хасах дүн рүү гээ орсон. Тийм ч учраас Эрдэнэс Тавантолгойг түшиглэж нэг тэрбум долларын оффтейк гэрээг дахин шинээр байгуулна гэж байна. Нэг тэрбум долларын оффтейк гэрээний төлбөрийг улсын төсөв дагалдуулж оруулж ирсэн. Үндсэндээ өмнөх нууцласан оффтейк гэрээгээ бид шийдэж чадаагүй байхад дахиад гэрээ хийнэ гэж байна. Цаашлаад нэг ноцтой зүйл байна. Эрдэнэс Тавантолгой компанийн худалдан авах журамд хууль бусаар өөрчлөлт орсон. Энэ нь Чалкогоос зээл авахаар сэдэж байхтай холбоотой байж болзошгүй. Эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай үүнээс 3.6 хувийг хөдөө аж ахуйн газраас бүрдүүлсэн. Гэхдээ энэ өсөлт нь өмнөх жилүүдэд зуданд алдсан малуудыг эдийн засгийн алдагдал гэж тооцохгүй байж байснаа энэ жилийн төлийг хөдөө аж ахуйн салбар дахь баялаг юм гэж хэлээд ийм зохиомол тоог гаргаж ирж байна. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг хоёр хувиар тэлсэн гэсэн. Г.Занданшатар 6 дугаар сарын 16-нд томилогдсон. Тэгсэн мөртлөө өмнөх Засгийн газрын хийсэн сайн ажлыг өөр дээрээ наагаад яваад байгаа. Төсвийн хөрөнгө оруулалт, тендер бүгд зогссон. Төрийн сангийн данс бас улайссан. Цалин, тэтгэвэрээ тавьж чадах эсэх нь эргэлзээтэй болсон. Үүнийг аргалахын тулд оффтейк гэрээ хийх гэж байна. Олон улсын валютын сан Монгол Улсад ажиллаж, валютын хөтөлбөрт орох эсэхийг зөвлөж байгаа юм билээ. Ийм байхад бүх зүйл болж буй мэтээр рийл шахаж ажиллаж байгаа нь харамсалтай. Ерөнхий сайд данхар төрийг цомхотгоно гэж хэлээд нийт төрийн байгууллагад хэрэгжүүлнэ гэж хэлсэн. Гэвч дарга нарыг биш жирийн албан хаагчдыг халж байна. Эсрэгээрээ өөрийнхөө ах дүү, хамаатан садан, жолооч нарын албан тушаал, консулаар томилж байна. Ярьдаг шигээ үнэн байх хэрэгтэй. Улсын төсвийн асуудал орж ирсэн. Ахмадын тэтгэвэр, багшийн цалин, ЭМДС-ийн асуудал маш ноцтой байна гэж байгаа боловч сайд нарын төсөв дээр зураг төсөвгүй маш олон төсөл орж ирсэн. Сайд нар төрийг басамжлаад байна.
ВИДЕО: