УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоол"-оор шалтаглан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах албан бичигт парламентын гишүүдийн гарын үсгийг зуруулж байгаа гэх албан бус мэдээлэл гарч эхлээд байна.
Учир нь Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолд "Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр /АМНАТ/ ногдуулах, тайлагнах, төлөх журамд өөрчлөлт оруулсан" байгаа юм. Иймд П.Сайнзориг уг тогтоолоор АМНАТ-ийн орлогыг 200 тэрбум төгрөгөөр бууруулсан нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа аж. Мөн зарим хүмүүс үүнийг MSC группт давуу байдал олгосон хэмээн мушгиж, улс төржүүлж эхлээд байгаа юм.

Тэгвэл Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах асуудлаар парламентад 42 суудалтай УИХ дахь АН-ын бүлэг нэгдсэн байр суурьд хүрээгүй байгаа гэх мэдээлэл байна.
Тодруулбал, өчигдөр /2025.10.05/ буюу Ням гарагт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн зохион байгуулсан хувийн арга хэмжээ дээр АН-ын бүлгийн цөөнгүй эрэгтэй гишүүд цуглаж, "Засгийн газрыг огцруулах" мэдээллийн талаар албан бусаар ярилцсан байна. Энэ үеэр цөөн тооны гишүүд "Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжвэл яасан юм" гэсэн утгатай саналыг гаргаж.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Засгийн газар тогтвортой байх нь чухал гэсэн байр суурийг илэрхийлжээ. Харин өнөөдөр /2025.10.06/ хуралдсан АН-ын бүлгийн хурлаар энэ асуудлыг огт яриагүй тарсан байна.
Сонирхуулахад, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан Засгийн газраас БНХАУ-тай хил холболтын төмөр замын гэрээг хийхдээ айлын талын санал болгосон нүүрсний 5 хувийн хөнгөлөлтийг 40-50 ам.доллар болгон нэмэгдүүлж, улсад 36 их наяд төгрөгийн хохирол учруулах" тогтоолыг УИХ-аар яаралтай батлуулсан гэсэн асуудал олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Харин нөгөө талд МАН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нүүрсний хэрэгтэй холбогдсон байж болзошгүй асуудал ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй.
Иймд нүүсний хулгайтай тэмцэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилно гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Үүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох асуудлыг парламентад оруулж ирэхгүй, чуулганы хуралдааныг гацаасан гэж ойлгогдож буй.
Товчхондоо, Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах шалтгаан "МАН-ын доторх нүүрсний хулгай" илрэх болсноос үүдээд байж магадгүй байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг маргааш /2025.10.07/ Г.Занданшатарыг огцруулах өргөдлийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьж магадгүй гэсэн мэдээлэл Төрийн ордонд гарчээ.