Г.Дамдинням: П.Сайнзориг гишүүн 55-р тогтоолтой яг адилхан гарсан тогтоолуудын тавд нь оролцсон.Түүний тавьсан асуудал улс төрийн л зорилготой

Г.Дамдинням: П.Сайнзориг гишүүн 55-р тогтоолтой яг адилхан гарсан тогтоолуудын тавд нь оролцсон.Түүний тавьсан асуудал улс төрийн л зорилготой

Уул уурхай, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ВИДЕО: 

Тэрбээр, "Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарим гишүүдийн тарааж байгаа гүтгэлгийн шинж чанартай мэдээлэлд няцаалт өгөх зорилгоор энэхүү мэдээллийг өгч байна. Нэгдүгээрт, наймдугаар сард гаргасан 55 дугаар тогтоол бол хууль зөрчөөгүй. Үүнтэй ижил утгатай тогтоол өмнө нь арван удаа гарч байсан. Биднийг ажил авахад экспорт, биржийн арилжаа зогсчихсон, урт хугацааны хямд үнэтэй гэрээнүүдийн экспорт үргэлжилсэн, эдийн засаг уналтад орсон байсан. Биржийн арилжаа нийт экспортын 10 хүрэхгүй хувьд хүрчихсэн нөхцөл байдалтай, урт хугацааны оффтейк том гэрээнүүдтэй, улсын төсөвт орж ирдэг АМНАТ-ын орлого тасарчихсан, хил дээр 4.1 сая тонн нүүрс гацчихсан, цалин, тэтгэвэр, эмч багш нарын цалин, төрийн алба хаагч нарын цалин, ахмадын тэтгэвэр, бүтээн байгуулалтад орж ирэх хөрөнгө орж ирэхгүй, гацчихсан эдийн засгийн уналтад орсон байхад бид ажлаа авсан. Засгийн газрын гишүүний хувиар санал, санаачилга гаргаж хоёр тогтоолын төслийг оруулж ирж батлуулсны үр дүнд өнөөдөр бид нэмэх зэрэгтэй эдийн засагтай, төсвөө тодотгосон байгаа. Нэгдүгээрт бид биржээр арилжаалсан нүүрсийг шахаж, том хэмжээний гэрээнүүдээр нүүрс хилээр гаргаж байсан үйл явдлыг зогсоож, 50 хувь амны гэрээ буюу урт хугацааны гэрээнүүд, 50 хувь биржийн арилжаагаар нүүрснүүдийг экспортлох шийдвэр гаргасан. Үүний үр дүнд биржийн экспорт нэмэгдсэн. Биржийн экспорт яагаад чухал вэ гэхээр АМНАТ буюу улсын төсөвт орж ирдэг орлого нь шууд орж ирдэг учир чухал. Хоёрдугаарт, 55 дугаар тогтоолтой ижил ашигт малтмалын тухай хууль, биржийн тухай хуулиудад заасан засгийн газрын бүрэн эрхийнхээ хүрээнд өмнө нь гарч байсан есөн тогтоолтой ижилхэн арав дахь тогтоолыг Монгол Усын засгийн газар гаргасан. Сонирхолтой нь энэ арван тогтоолд янз бүрийн хувилбарууд явсан байдаг. Асуудал яриад байгаа гишүүн маань өөрөө хууль зүй, дотоод хэргийн яаманд 2013 оноос хойш ажиллах хугацаандаа уул уурхайн бодлогыг хариуцсан мэргэжилтэн, хууль зүйн бодлогын газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга хүртэл есөн жил ажиллаад энэ арван тогтоолын тавд нь оролцсон байдаг. Тэр таван тогтоолын зарим нь гэрээний үнээр хийх буюу татвараас зугтах боломж олгосон тогтоолуудыг ч гаргасан. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах тухай ярьж байгаагүй юм. Шудрага л байх хэрэгтэй шүү дээ. Гадна дотны нөлөөллөөр биржийн тухай хуулийг болиулъя гэж байнга шахдаг. Үүнийг би нуухгүй. Биржийг болиулах юм бол оффтейк, нууц гэрээнүүд явна. Бирж бол бидний ил тод байдлыг нэмэгдүүлсэн, бодит үнийг тодорхойлж, татварын сууриа нэмэгдүүлэх бодлого. Үүнээс ч долоон дор шийдвэрүүдэд оролцож явсан хүн байж 55 дугаар тогтоолыг Засгийн газрыг огцруулах үндэслэл болгож оруулж ирж байгаа нь өөрөө улс төрийн зорилготой. Түүнээс биш улс орноо бодож байгаа зорилго энд байхгүй” гэлээ.