Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн Мягмар гараг /2025.09.30/-т Хууль зүй дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох шийдвэр гаргаснаа олон нийтэд зарласан. Тэгвэл яг энэ өдрийн орой МАН-ын байр Тусгаар тогтнолын ордонд Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс цуглаж Засгийн газрыг огцруулах асуудлаар ярилцсан байна.
Үүнийг нотолж, "УИХ-ын гишүүдтэй нэг, нэгээр нь уулзаж Засгийн газрыг огцруулах асуудлаар саналыг нь сонсож байгаа" талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ярьсан юм. Ингээд МАН-ын талцал хуваагдал бүр гүнзгийрч "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах" бичгийг УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр гаргаж, 40 гаруй гишүүн гарын үсэг зурсныг өнөөдөр /2025.10.06/ УИХ-д өргөн барина гэх мэдээллийг өчигдөр /2025.19.05/ зарим хэвлэлүүд нийтэлсэн.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар, "40 гаруй гарын үсэг зурсан гэдэг нь ташаа бөгөөд энэ тоонд хараахан хүрээгүй бололтой."
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэлийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалыг өөрчилж баталсан Засгийн газрын 55 дугаар тогтоолтой холбон тайлбарлаж байгаа аж. Тэрээр Засгийн газар дун мэдэн АМНАТ тооцох аргачлалыг өөрчилж, улсын төсөвт орох ёстой байсан АМНАТ-ийн орлогыг 200 тэрбум төгрөгөөр бууруулсан нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж тайлбарлаж буй. Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард АМНАТ ногдуудах, тайлагнах, төлөх журамд дараах өөрчлөлтийг оруулсан байна.
Цаашлаад өнгөрсөн баасан гарагт АН-ынхан эл асуудлаар уулзалт хийгээд тодорхой үр дүнд хүрэлгүй салжээ. Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу парламентын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор гаргаж, улмаар олонх нь дэмжсэн нөхцөлд Засгийн газрыг огцруулдаг. Ингэхээр 32 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурвал уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрдэх байгаа юм.
Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй бөгөөд МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН нам найм, ИЗНН, Үндэсний эвсэл тус бүр дөрөв, дөрвөн гишүүнтэй байна. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын даргыг ёс зүйн хувьд чуулганы хуралдааныг даргалах боломжгүй гэж үзэж буй бөгөөд нэр холбогдсон асуудлаараа шалгуулах хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж бүлгийн шийдвэр гаргаад байгаа билээ. Эцсийн мөчид Ерөнхий сайдын талд МАН-ын бүлгийн 30 орчим гишүүн байх магадлалтай бөгөөд АН-ын бүлгээс Х.Баттулгынхныг хасаад 30 орчим гишүүн мөн авч үлдэх магадлалтай юм. Тэр тохиолдолд тэрбээр өөрөө бусад намтай хэрхэн тохирох нь анхаарал татаж байна.