УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гараг бүрт хуралдаж дараагийн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлынхаа тов, дарааллыг тогтоодог. Улмаар УИХ-ын Тамгын газар тухай тов, дарааллыг нь баасан гариг бүр цахим хуудсаараа дамжуулан мэдээлдэг. Харин энэ удаад ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын тов, дарааллыг мэдээлсэнгүй.
Энэ нь Б.Энхбаярыг УИХ-д тангараг өргүүлж бүрэн эрхийг нь хэрэгжүүлэхгүй гэх санаархалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Учир нь Б.Энхбаярыг энэ сарын 02-ний өдөр УИХ-д тангараг өргүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн ч УИХ-ын тамгын газраас одоог хүртэл товыг нь өгөхгүй байгаа юм. Энэ талаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өчигдөр "УИХ-ын тухай хуульд заасны дагуу парламентаар ямар асуудал хэлэлцэх вэ гэдгийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталдаг. Энэ зөвлөлийн саналыг үндэслээд УИХ-ын дарга тов тогтоодог. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцээд хэзээ хэлэлцэх товыг нь тогтооно. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдахаар энэ тов тодорхой болно. Тов тодорхой болсны дараа хэзээ хэлэлцэхээр болсныг мэдээллэх нь миний үүрэг" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.