БАРИМТ: Х.Баттулгын компани, хөрөнгө нь байдаг Сингапурыг оффшор бүсээс гаргах шийдвэрийг Л.Оюун-Эрдэнэ 2024 онд гаргажээ

БАРИМТ: Х.Баттулгын компани, хөрөнгө нь байдаг Сингапурыг оффшор бүсээс гаргах шийдвэрийг Л.Оюун-Эрдэнэ 2024 онд гаргажээ

Томоохон бизнес эрхлэгчид, улс төрийн салбарынхан болон гэмт хэрэг, хар тамхины бүлэглэлийнхний сонирхдог оффшорын бүс нутаг  дэлхийн олон улсад бий.  Оффшор бүсийн бизнесийн тухайд тухайн компанийн эзэн заавал тэрхүү бүс нутагтаа амьдардаггүй ч бизнес эрхлэхийг хэлдэг. Гэхдээ улстөрчид оффшорын бүсэд мөнгөө нуун эргэлдүүлэхийг ёс зүйгүй үйлдэл гэж шинжээчид үздэг.  Энэ бол бизнесийхэнд байж болох татвар багатай таатай нөхцөл ч татварын мөнгөөр цалинждаг улс төрчдөд хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл гэж шинжээчид дүгнэдэг.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ 2024 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 24-НД ГАРГАЖЭЭ-

Тэгвэл дээрхтэй холбоотой хардлага дагуулах нэгэн шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны долдугаар сарын 24-ний өдөр гаргажээ.  Тодруулбал, оффшор бүсээс Швейцар, Сингапурыг гаргасан байна.

Засгийн газраас “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг гаргаж, “Жагсаалт шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2017 оны 326 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт”-ын “46.Сингапур Singapore”, “49. Швейцар Switzerland” гэснийг тус тус хассугай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан гэжээ.

  Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ эл шийдвэрийг УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулгад зориулж гаргасан байх магадлалтай байна. Цаашлаад өөрийнх нь болоод ахынх нь угаасан мөнгө хамгийн сүүлд Сингапурт төвлөрсөн байх магадлалтай гэх хардлага бий.

Учир нь Л.Оюун-Эрдэнэ долдугаар сард тус шийдвэрийг гаргасны дараахан буюу аравдугаар сард “Монгол Хан” жүжгийг тус улсад тоглосон байдаг.

-ЖЕНКО Х.БАТТУЛГЫН "ЖЕНКО ХОЛДИНГ ПИ-ТИ-И" КОМПАНИ СИНГАПУРТ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙНА-

Харин Женко Х.Баттулгын хувьд Сингапурт бизнестэй мөн гэр орон, гэр бүл нь тэнд байдаг гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригддаг. Тэрбээр чуулганы хуралдаанаа таслаад алга болох хугацаандаа Сингапурт байдгийг хүмүүс мэднэ. 2020 онд өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс Х.Баттулгын Сингапурын оффшор бүс дэхь “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн мэдээллийг ил болгож байжээ.Энд бичсэнээр “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн манаач Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар ил болжээ. Өнөөдрийг хүртэл тус компанийн захирлаар Баттулгын Намуун, Деннис Лим нар ажиллаж байгаа юм байна. Энэхүү компанийг 1 сая долларын хувь нийлүүлсэн хөрөнгөөр байгуулсан. Мөн Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй \Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands\ компанид зарсан гэх мэдээ нь одоо ч гэсэн Хонгконгийн хөрөнгийн биржийн веб хуудаст ил байж байна. Х.Баттулга өөрөө “Камекс” ХХК компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа Төгрөг нуурын нүүрсний орд юм. Бусад нь Говь Алтай, Завхан, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг алт, зэс, нүүрсний лиценз бөгөөд нийт 75.000 га газар нутгийг хамарсан байна.

“Камекс” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга өөрөө эзэмшиж, Ядамсүрэнгийн Батсүх буюу “Ард Батсүх” 10 хувийг эзэмшиж байсан. Х.Баттулга өөрийн нэр дээр байсан 90 хувийг 2007 оны гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн охин Б.Намуунд шилжүүлж, тун удалгүй 2007 оны дөрөвдүгээр сарын 4-нд  төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэнд шилжүүлсэн байдаг. Энэ бүх мэдээ Монгол Улсын бүртгэлийн санд байж л байдаг. Бас олон нийтэд хэдийнэ ил болсон мэдээлэл юм.

Харин нэг нууцлаг зүйл гэвэл тун удалгүй “Камекс” ХХК-ийн дээр толгой компани болгож “Камекс Пи-Ти-И” нэртэй Сингапурт бүртгэлтэй оффшор компанийг үүсгэсэн байдаг. Тэрний дээр нь 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Вел Делайт \Well Delight BVI\, бас түүний дээр нь Бэст Стэйт \Best State BVI\, Сино аксес \Sino Access BVI\ гэсэн нэртэй Британийн Виржинийн арлын оффшор бүсэд бүртгүүлсэн гурван ч компани үүсгэсэн байдаг. Таван шат дамжсаны эцэст нь оффшор бүсэд байгаа хоёр толгой компанийн хувьцаа эзмшигч нь Х.Баттулга ерөнхийлөгчтэй Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, нөгөө л Ядамсүрэнгийн Батсүх, Билли Лим Сим Пау-гийн охинХуй Шим Лим Селестина нар байв. Үүнийг өнөөдөр ч Хонгконгийн хөрөнгийн биржийн баримт бичиг дээрээс олж үзэх боломжтой” зэргээр бичжээ.

-ЦААШЛААД Л.ОЮУН-ЭРДЭНЭ 2024 ОНЫ 9 САРД ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР ГАРГАЖ Х.БАТТУЛГЫН ТӨРИЙН ХАМГААЛАЛТЫГ СУНГАЖ БАЙЖЭЭ-

Ташрамд дурдахад, Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон билээ. Гэтэл голлох хүмүүсийн компани байрлах улсыг оффшор бүсээс гаргасан нь анхаарал татаж байна. Цаашлаад Л.Оюун-Эрдэнэ нь 2024 оны 9 сарын 11-нд Засгийн тогтоол гарган Х.Баттулгыг төрийн тусгай хамгаалалтад авч байсныг өнгөрсөн долдугаар сарын Засгийн газрын хуралдаанаар цуцалсан.

Хамгийн ноцтой нь эрх бүхий байгууллагаас дээрх хүмүүстэй холбоотой мэдээллийг Сингапурын оффшор бүсээс авах хүсэлтийг гаргахад Засгийн газрын дээрх шийдвэртэй холбоотойгоор нэг ч мэдээллийг өгөх боломжгүй гэдэг хариултыг тус улсаас өгсөн байна.