Засгийн газрын өнөөдрийн /2025.10.01/ ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн " Нийт 300 мянган хүнд томуугийн вакцин хийх ёстой. Ард иргэдийн хамрагдалт сайн байна. 9 сарын 30-ны өдрийн байдлаар 60 хувьтай хамрагджээ. Үүнээс Улаанбаатарт 62 хувьтай хамрагдсан байна. Вакцин хийлгэх шаардлагатай 6 сартайгаас 5 настай 160 мянган хүүхэд байгаагаас 96 мянга нь хийлгэсэн. 2320 жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэх ёстойгоос 60 хувь нь мөн хийлгэжээ. Ахмадууд, эмнэлгийн байгууллагын ажилчид, багш нарын хамрагдалд ч сайн байна. 9 дүгээр сар гарснаас хойш улаанбурхан өвчний дэгдэлт өндөр биш байна. Зарим өдөр 0 зарим өдөр 1 тохиолдол илэрч байна. Энэ нь сайн мэдээ" гэлээ.
Тэрбээр мөн " Өчигдөр эрүүл мэндийн даатгалын системд программын шинэчлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгал зогслоо гэдэг мэдээлэл гарч нэлээн сандаргасан. Бидний хувьд нэн яаралтай тусламж буюу хувийн эмнэлэгт хийж буй диализийн эмчилгээ, яаралтай мэс засал, хавдрын эмчилгээг зогсоохгүй үргэлжлүүлнэ. Хувийн хэвшлийн 2025 оны санхүүжилт 160 тэрбумыг аль наймдугаар сард гаргасан. Тэгэхээр санхүүгийн сахилга баттай байхыг шаардаж байна. Улсын эмнэлгүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд 200 гаруй эмнэлэгт даатгалаар үйлчилгээ үзүүлдэг байдал зогссон нь худал. Энэ өвөл коридорт хүүхэд хэвтүүлэхгүйн тулд бэлдэж Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын 2025 оны өрийг 2026 онд төлөхгүй бол эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 10 хувиар нэмэх боломжтой. Тиймээс сахилга бат хэрэгтэй" гэлээ.
ВИДЕО: