Засгийн газрын өнөөдрийн /2025.10.01/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээллээ.
Тэрбээр, “ДЦС 3 дээр энэ оны зургаадугаар сарын 2-нд томоохон хэмжээний осол гарсан. Ослын уршгийг арилгаж, хэвийн байдалд оруулах, сэргээх ажлын хүрээнд таван ажлыг хийж хэрэгжүүлэх учиртай. Энэ ажлуудаас гурвыг нь энэ оны өвлийн их ачааллаас өмнө дуусгах ёстой. Өнөөдрийн байдлаар энэ ажил дуусахад 90 орчим хувьтай байна. Энэ жил зайлшгүй хийгдэх ёстой гурван ажил бүрэн хийгдэж дуусвал уг станц дулааны үйлдвэрлэлийг өнгөрсөн оны оргил ачааллын үеэр үйлдвэрлэж байсан хэмжээнд, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг өнгөрсөн оны мөн үед үйлдвэрлэж байсан түвшингээс 50 орчим хувьд дүйцэх хэмжээний үйлдвэрлэл явуулж хэрэглэгчдэд нийлүүлэх техникийн боломжтой болно. Үлдсэн хоёр ажлыг ирэх оны өвлөөс өмнө дуусгахаар ажиллаж байна. Энэ нь яалт ч үгүй шинэ тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх хугацаа, тээвэрлэх хугацаа, барилга угсралтын ажилд хийх хугацаанд үндэслэн гарцаагүй гарах хугацаа. Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч сэргээн босголтын ажилд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдсэн. Засгийн газраас авч хэрэгжүүслэн арга хэмжээний хүрээнд сэргээн босгох ажил үр дүнтэй, богино хугацаанд амжилттай хийгдэж байна. Энэ жил хийх ёстой гурван ажлыг хийж дуусмагц ДЦС 3-аас нийлүүлдэг дулаан хэвийн нийлүүлэгдэнэ. Өөрөөр хэлбэл ДЦС 3-аас хамаарсан дулааны эрсдэл байхгүй болсон гэдгийг хэлье. Цахилгааны хувьд дутаж байгаа 50 хувийг шинэ эх үүсвэрүүдээс хангахаар тооцоо гарган ажиллаж байна" гэлээ.