Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох шийдвэрийг гаргаж буй талаараа мэдэгдсэн. Гэвч түүний энэхүү шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж зарим хуульч гишүүд мэдээлээд байгаа.
Тэгвэл хуульч, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ "Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр томилох, чөлөөлөх, огцруулах онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Танхимаа өөрөө мэдэн бүрдүүлэх энэхүү бүрэн эрх нь Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн амин сүнсийн нэг юм.
Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд гаргах гэж буй шийдвэрийнхээ талаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийлээ. Шийдвэрийг гаргах, албажуулах процесс Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу явагдах болно" гэжээ.