Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.09.30/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэв.
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөн, “Атрын IV аян”-ы санхүүжилт, зээлийн эргэн төлөлтийн хөрөнгө болох 45 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгасан байна. Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд жил бүр 300 гаруй аж ахуй нэгжид зээл олгодог. Хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйн илрэл нь манай улсад борлуулж байгаа гурван өндөг тутмын хоёрыг дотоодоос хангадаг болсон байна. Ирэх жил манай улсад НҮБ-ын цөлжилттэй тэмцэх талуудын бага хурлын дээд хэмжээний уулзалт буюу СОР-17 болох тул тус уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд 229 тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ.
Гишүүдийн зүгээс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төслүүдээс ферм байгуулах асуудлыг хувийн хэвшилд шилжүүлэх, СОР-17-той холбоотой барилга байгууламжид төсөв тавих шаардлагатай эсэх АСЕМ зэрэг барилгуудыг ашиглах боломж, өвөлжилтийн бэлтгэл, гантай байсан аймгуудын тариаланчдын зээлийн төлөлтөд анхаарах, говийг усжуулах төсөлд төсөв суулгах шаардлагатай талаар санал хэлэв. ХХААХҮЯ-аас ургац хураалт 70 гаруй хувьтай байгаа талаар хэлж, өвлийн бэлтгэл хангах ажилтай холбоотой хүндрэл бэрхшээл, дүн мэдээ, тариаланчдад олгож буй хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг ажлын хэсгүүдийн судалгаа, тайлан мэдээ гарч, Засгийн газрын хуралдаанаар танилцуулсны дараа байнгын хороод, УИХ-ын чуулганд танилцуулах тухай мэдэгдлээ.