"Хууль засаглах уу, нүүрсний хулгайчид засаглах уу” гэдгийг МАН-ын дотоод ялгарлаас харах үлдэв үү

"Хууль засаглах уу, нүүрсний хулгайчид засаглах уу” гэдгийг МАН-ын дотоод ялгарлаас харах үлдэв үү

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.09.30/ гэнэтийн мэдэгдэл хийж, "Нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд Хууль зүй дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилж" буйгаа мэдэгдлээ. 

ВИДЕО: 

Тэрээр, "Бид нүүрсний хулгайтай тэмцэж, улсын төсөвтэй хамт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн барьмагц УИХ-ын дарга /Д.Амарбаясгалан/ гурван сарын өмнө МАН-ын даргад нэр дэвшихгүй гэж байснаа яаран сандарч нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн.

Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан.

Иймд нүүрсний хулгайтай  хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс тэс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна" гэж мэдэгдлээ.  Учир нь "Нүүрсний хулгай"-н асуудлаар өмнө нь УИХ болон Засгийн газар нээлттэй сонсгол зохион байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр даргалж байсан юм. Тус сонсголын үеэр Тавантолгой бүлэг ордын Бортээг дээр баяжуулах үйлдвэр барьсан "Админерал" ХХК-ийн асуудал хөндөгдөж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сонсголд дуудагдаж байсан. 

Нөгөөтэй өнгөрөгч Баасан гараг /2025.09.26/-т буюу МАН-ын Бага хурлын өмнөхөн УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд мэдээлэл хийж, "Д.Амарбаясгалан бол нүүрсний хулгайн загалмайлсан эцэг. Хэрвээ Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгох юм бол нүүрсний хулгайчдын нам болно. Юу үнэн энэ үнэн" гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл улс төрд өрнөж буй энэ бүх үйл явдлаас харахад, "Тос, усаараа ялгарна" гэгчээр Ш.Раднаасэдийн хэлсэнчлэн "хууль засаглах уу, хулгайч засаглах уу" гэсэн сонголтын өмнө МАН-ын дотоод ялгарал иржээ. Харин цаашид Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахаар хэн явах нь үү, "нүүрсний хулгай"-н асуудлыг хэн яриулахгүй хэмээн тэмцэхийг харах л үлдэж байна.