“Хоёр санал хураалт”-аар Д.Амарбаясгалан 56-62 хувийн санал авч 2/3-ийн босгыг давж чадаагүй ч, “85 хувиар МАН-ын дарга болсон” гэж нийтэд зарлажээ

“Хоёр санал хураалт”-аар Д.Амарбаясгалан 56-62 хувийн санал авч 2/3-ийн босгыг давж чадаагүй ч, “85 хувиар МАН-ын дарга болсон” гэж нийтэд зарлажээ

МАН Бага хурал өнгөрөгч бямба, ням гараг /2025.09.27-28/ ийг дамнан хуралдаж, маш олон тодорхойгүй маргаан дунд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын даргаар сонгогдсон хэмээн нийтэд зарласан нь эцэстээ төрийг хямралд оруулж мэдэхээр байна. 

-УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ, МАН-ЫН ДҮРМИЙН ДАГУУ Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАМЫН ДАРГААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧ, ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙВ-

Тэд дүрмийн бусаар “тоглож” санасандаа хүрсэн мэт харагдавч өчигдрийнхөөс өнөөдөр юу ч өөрчлөгдөөгүй, бүх зүйл эцэслэгдээгүй гэдэг нь болж байгаа процессоос тов тодорхой харагдаж байна. Бас сануулахад, одоохондоо МАН-ын даргаар "орлогоо нотолж чаддаггүй" Л.Оюун-Эрдэнэ хэвээр байгаа. "Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан, Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ" гэж байхгүй гэдэг үгээр л хардаггүй юм бол шүү дээ.

Учир нь МАН даргаар Д.Амарбаясгаланг сонгосон өөрчлөлтийг Улсын дээд шүүх хүлээж авах эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд түүнийг хууль, журам зөрчиж сонгосон гэх маргаан УДШ дээр очих нь нэгэнт тодорхой болоод байна.

Тодруулбал, Улс төрийн намын хуулийн 17.6-д “Намын дүрэмд заасны дагуу намын даргыг сонгоно” гэж заасан бол МАН-ын дүрмийн 20.3.7-д "Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно" гэж заажээ. Тэгвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй энэ заалтаар Л.Оюун-Эрдэнэ "МАН-ын даргаасаа чөлөөлөгдөх өргөдөл"-өө өгч, Бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлж, тэдний олонх нь түүний өргөдлийг хүлээж авахыг дэмжсэн тохиолдолд "намын даргын орон" албан ёсоор гарсан гэж үзнэ.

Иймд өнгөрөгч амралтын өдөр болсон МАН-ын Бага хурал процессын хувьд хамгийн эхэнд Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгч, үүнийг нь хэлэлцэж намын даргаас нь түүнийг чөлөөлсний дараа дараагийн даргын асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ “Би намын даргын ажлаа өгнөө” гэж тайзан дээр хэлээд л өнгөрсөн болохоос "өргөдөл"-өө гараар бичиж гаргаад, Бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлээгүй байгаа юм. 

-Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТААР Ч ГУРАВНЫ ХОЁРЫН БОСГЫГ ДАВЖ ЧАДААГҮЙ БАЙНА-

Цаашлаад МАН-ын Бага хурлын санал хураалт ч маргаан дагуулав. Амралтын хоёр өдрийг дамнан хуралдсан МАН-ын Бага хуралд нийт 442 гишүүн оролцсон бөгөөд "эхний санал хураалт"-аар Д.Амарбаясгаланд 248 гишүүн буюу 56.1 хувь, Г.Занданшатарт 194 гишүүн буюу 43.9 хувь нь санал өгч, тэдний хэн нь ч гуравны хоёр буюу 66.3 хувийн саналыг авч чадаагүй байгаа юм. Энэ тохиолдолд МАН-ын Их хурлыг зарлаж, тус хурлаар шийдэх ёстой. Иймд Г.Занданшатарынхан ихэнх хүмүүс хурлын заалнаас гарч явж. 

Гэтэл хурал зохион байгуулагчид саналыг хуудаснаас Г.Занданшатарыг хасаад ганц Д.Амарбаясгалангийн нэр дээр "хоёр дахь санал хураалт"-ыг зааланд үлдсэн Бага хурлын 321 гишүүний дунд явуулахад "эхний санал хураалт"-аар Д.Амарбаясгаланг дэмжиж санал өгсөн 248 гишүүн дээр 27 гишүүний санал нэмэгдэж нийт 275 хүний дэмжлэг авсан бол үлдсэн 46 гишүүн түүнийг дэмжихгүй хэмээн "цагаан хуудас" өгч. Гэтэл Д.Амарбаясгалангийн талынхан зааланд үлдсэн 321 төлөөлөгчөө 100 хувь гэж үзээд 85.6 хувийн саналаар "Д.Амарбаясгаланг МАН-ын даргын сунгаанд ялсан" гээд нийгэмд зарлачихаж. 

МАН-ын албан ёсны nam.mn хаягт тавьсан мэдээллээс харж  тооцов. 

Угтаа бол Бага хурлын гишүүдийнхээ 295 хүний саналыг авч байж гуравны хоёрын босгод хүрэх ёстой ч, Д.Амарбаясгалан "хоёр дахь санал хураалт"-аар 275 хүний саналыг авч Бага хурлын 442 гишүүдийнхээ гуравны хоёр буюу 66.3 хувийн санал авч чадалгүй, ердөө 62 хувийн саналыг л авсан байгаа юм. 

Энэ бүх үйл явдлын төгсгөлд ялсан гэх талынхан хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрт ашигтайгаар ашиглан мэдээллийг түгээсээр байна. Хамгийн ноцтой нь эрх баригч намын энэ асуудал УИХ, Засгийн газар гэсэн төрийн институдийн дунд хагарал үүсгэж 11 дүгээр сарын эхний долоо хоногт батлах ёстой Улсын 2026 оны төсвийг баталж чадалгүй цаашлаад Засгийн газар тогтворгүй байдалд орж, УИХ-ыг тарааж мэдэх хямрал руу чирж магадгүй болоод байна.