Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг улс төрийн зөвлөлтэйгөө хамтран өргөтгөсөн хуралдааныг хийсэн. Таван жилийн дараа хийж буй тус өргөтгөсөн хуралдаанаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатарт шаардлага хүргүүлэхээр болжээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ дахь АН-ын бүлэг, улс төрийн зөвлөл өргөтгөсөн хурал хийлээ. АН-ын улс төрийн зөвлөлөөс УИХ дахь АН бүлэгт чиглэл өглөө. УИХ дахь АН бүлэгт хоёр заалт бүхий чиглэл өгсөн. Тодруулбал, эрх баригч МАН-ын даргын сонгууль нь тус намын асуудал бус Монгол улсын төрийн хямралын хэмжээнд хүрч, улс төрийн тогтворгүй байдалд хүрлээ. Иймд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой авлига, албан тушаалаа хууль бусаар ашигласан зэрэг мэдээлэлд холбогдох байгууллагууд шалгалт хийж, хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Асуудал эцэслэгдэн шийдэгдэх хүртэл УИХ-ын хуралдааныг удирдах эрх зүйн үндэсгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Мөн МАН албан ёсны даргатай болох хүртэл УИХ, ЗГ-ын зөрчилдөөн нь улам даамжирлаа. Ингэснээр Парламентаар хэлэлцэх ирэх оны төсөв, дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл зэрэг чухал асуудлууд хариуцах эзэнгүй болж, улс эх орны ашиг хохирох аюул тулгарлаа. Иймд ирэх оны төсвийн төслийг татахыг МУ-ын Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: