МАН-ын Бага хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Уг хурлаар МАН-ын даргын асуудлыг хэлэлцсэн. Гэвч хууль зүйн хувьд олон процессын алдаа гарсан хэмээн хуульчид үзэж буй. Тэгвэл энэ талаар уг хурлын даргалагчаар ажилласан МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс тодруулжээ.
Тэрбээр, "Намын даргад хоёр хүн өрсөлдсөн. Ингэхдээ хоёр индэр засаж байгаад нээлттэй асуулт, хариулт авч, үг хэлсэн. Үүний ар дээр санал хураалт явагдсан. Тооллогын комисстой холбоотой асуудал, хурлын дүрмийг гишүүдээр батлуулдаг. Энэ дагуу хурлын процессын журмыг Бага хурлын нийт гишүүдээр батлуулсан. 66.6 хувиас илүү санал авахгүй бол нэг гишүүн дээр дахин санал хураая гэсэн асуудал тооллогын комисст ирсэн. Тооллогын комисс өөрсдөө хуралдаж байгаад журмаа гаргасан. Тэр журмыг намын Бага хурлын гишүүд баталсан. Дүрэмтэй айхтар зөрчилдөөд байх зүйл байхгүй. Хамгийн гол нь намын дарга болон бусад асуудлуудаа Бага хурал дээрээ шийдээд явъя гэсэн зүйлийг ярьсан. Мөн Л.Оюун-Эрдэнэ өмнө нь өргөдлөө өгсөн байх ёстой гэсэн зүйлийг ярьсан. Гэхдээ миний ширээн дээр хоёр тогтоол бий. Нэг нь өмнөх намын даргыг чөлөөлж, нөгөөх нь намын даргыг сонгох тогтоол. Улсын дээд шүүх дээр өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу намын даргыг чөлөөлөх тогтоол болон хавсралтаар тэр хүний гараар бичсэн өргөдөл байх ёстой. Хоёрдугаарт Бага хурлаар намын даргаа сонгосугай гэсэн хоёр тогтоол хүчин төгөлдөр болсон" гэлээ.