МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.09.27/ 12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн. Хуралдааны эхэнд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөд бэлэн гэдгээ зарласан.
Гэвч тэрбээр өргөдлөө өгөөгүй тохиолдолд түүний дээрх үг хий хоосон гэдгийг тус намын дүрэмд тодорхой зааж өгсөн байна. Тодруулбал, МАН-ын дүрмийн 20.3.7-д "Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно" гэж заасан. Энэ дагуу Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор өргөдлөө өгч байж Бага хурлаар намын даргын асуудлыг шийдэх нь. Өнөөдрийн тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ намын даргаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй учир Бага хурлаар биш Их хурлаар намын даргын асуудлыг шийдэхээр байгаа юм. Магадгүй энэ нь Л.Оюун-Эрдэнийн заль байх магадлалтай бөгөөд тэрбээр "Даргын албан тушаалаа өгнө гэхдээ шинэ даргыг тодорсны дараа" хэмээн ярьж яваа аж. Энэ бол Их хурал хүртэл асуудлыг сунжруулах, даргын албан тушаалаа өгөхүй цаг авах түүний арга байж болох юм. Мөн тэрбээр намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг намыг эв нэгдлийг алдагдуулж, хагалан бутаргасан гэх үндэслэлээр чөлөөлөх зэргээр асуудлын агуулгыг өөрчлөхөөр хөшигний ард ажиллаж буй бололтой.