УИХ-ын чуулганы хуралдаанаар Цэцийн дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.
УГ дүгнэлт нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1-т "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт "УИХ-ын гишүүнийг сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт юм. Цэцийн дөрөвдүгээр дүгнэлтийг УИХ өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцээд санал хураалт явуулалгүй орхиод байсан юм. Харин өнөөдөр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд "Мандатын тооноос дутуу санал өгсөн саналыг хуудсыг хүчингүйд тооцох нь зөв. Тэгэхгүй бол нэр дэвшигчид зөвхөн намайг л сонгоорой гэж сурталчилгаа хийнэ" гэж байсан юм. УИХ дүгнэлтийг нь хүлээж аваагүй учраас одоо Цэц Их суудлын хуралдаанаа хийж эцэслэн шийдвэрлэх юм.