УИХ-ын даргатай нам унадаг, Ерөнхий сайдтай нам аврагддаг

УИХ-ын даргатай нам унадаг, Ерөнхий сайдтай нам аврагддаг

МАН-ын даргыг тодруулахын өмнөхөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр NTV телевизийн ярилцлагад орж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр холбогддог асуудлыг сөхсөн. Энэ нь “МАН-ын даргад өрсөлдөнө” гэж мэдэгдээд буй Д.Амарбаясгаланг шууд онилсон алхам болж, өчигдөр /2025.09.25/түүнийг яаравчлан мэдэгдэл хийхэд хүргэлээ.

ВИДЕО: 

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РҮҮ "ЗӨӨЛӨН ӨНГӨӨР" ХАНДАЖ, ШУУД ДАЙРАХААС ЗАЙЛСХИЙЖ БАЙВ-

Угтаа бол Д.Амарбаясгалан МАН-ын даргын сунгааны өмнөхөн уг байр сууриа илэрхийлэхээр төлөвлөж байсан ч, Б.Энхбаярын ярилцлага түүнийг хугацаанаасаа өмнө “барианд шахаж” мэдэгдлээ түргэсгэх шалгаан болжээ. Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр хийсэн мэдэгдлээрээ, өөрийг нь олон жил “сүүдэр” мэт дагаж ирсэн ЖДҮ-ийн зээл, “Админерал” компани, ах дүүсийнхээ бизнесийн сэжим, өөрийнх нь оролцоотой гэдэг томилгоо гээд олон асуудалд нэг бүрчлэн тайлбар өгсөн бөгөөд энэ нь зүгээр нэг хамгаалалт биш, харин МАН-ын даргын сунгааны өмнөх улс төрийн тооцоотой алхам гэдгийг нь харуулж байлаа.

МАН гурван сонгуульд дараалан ялж, төрийн бүх эрх мэдлийг есөн жил тасралтгүй атгах хугацаанд Д.Амарбаясгалан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дарга гээд “бүх том албан тушаал”-ыг ээлж дараалан хашсан ч энэ хугацаандаа төдийлөн харуулаагүй “халамж, энэрлээ”өчигдөр бизнесийнхэн болон хэвлэл мэдээллийн салбарынханд зориулж илэрхийлж байв.

Мөн түүний мэдэгдлийн анхаарал татсан зүйл бол тэрээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү “зөөлөн өнгөөр” хандаж, шууд дайрахаас зайлсхийж, ерөнхийлөгчийн дэмжлэг өөрт нь ирж магадгүй гэсэн өнгө аясыг бусдад харуулахыг зорьж байлаа.

Харин жинхэнэ “галтай сум”-аа Ерөнхийлөгчийн улс төрийн багийнханд чиглүүлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаяр нарыг нэр цохон шүүмжилж, тэднээр дамжуулан Ерөнхийлөгчийн байр суурийг “сорьж буй” мэт өнгө аясыг харуулсан юм.

Товчхондоо,  Д.Амарбаясгалангийн өчигдрийн тайлбар бол зүгээр нэг “өөрийгөө хамгаалах” үйлдэл биш, харин өрсөлдөгчөө шахаж, намын дотоод хүчний харьцааг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн улс төрийн мессеж гэдэг нь тод харагдаж байсан юм.

Үүнийг илтгэх мэт Д.Амарбаясгалан мэдэгдлийнхээ үеэр, “Би Л.Оюун-Эрдэнэтэй өчигдөр ч хамт байсан. Өнөөдөр, маргааш ч хамт байна” хэмээн онцолж, Г.Занданшатар надад “МАН хос даргатай байя” гэж хэлсэн хэмээн өрсөлдөгчөө тэнэг харуулаад ч амжсан. Үнэндээ Ерөнхий сайд Г.Занданшатар “дэд даргатай болно” гэсэн санал хэлснийг нь Д.Амарбаясгалан удаах үгээр нийгэмд илэрхийлжээ.

-УИХ-ЫН ДАРГАТАЙ НАМ УНАЖ, ЕРӨНХИЙ САЙД НЬ НАМАА АВАРДАГ-

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Би МАН-ын дарга боллоо ч Ерөнхий сайд болохгүй” гэж өчигдөр мэдэгдлээ. Гэтэл Монголын сүүлийн 35 жилийн парламентын түүх яг эсрэгээрээ, намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэдгийг харуулж ирсэн. Тодруулбал, 2007 онд С.Баяр МАХН-ын дарга болоход “Ерөнхий сайдын албан тушаалыг ч бас давхар өг, ачаагаа үүрье, хариуцлагаа ч хүлээе” гэж хэлээд нам нь ч, Засгийн газар ч түүнийг дагаж хөдөлсөн.

Харин 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болсон ч Ерөнхий сайдын суудлыг аваагүй. Үүнийгээ тэрээр “Сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог жишиг улс төрд байдаг. Гэвч бид олонхи биш, 31 суудалтай тул дүрмийн шаардлага хангахгүй” гэж тайлбарласан.  Гэвч үнэн хэрэгтээ УИХ-ын дарга нам удирдаж болохгүй гэдгийг батлах мэт З.Энхболдын удирдсан АН 2016 онд навсайтлаа ялагдсан. 2016 оны сонгуульд М.Энхболдын удирдсан МАН ялсан ч, тэрээр Ерөнхий сайд болохоос татгалзаж, өөрөө УИХ-ын дарга болсон. Харин Сэлэнгэ аймгаас УИХ-д анх удаа сонгогдсон Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болгосон нь, эрх мэдлийн жинхэнэ төв алдагдсаны улмаас Засгийн газар огцорч, тэдний улс төрийн карьер дууссан юм. 

Харин үүний дараа 2017 онд У.Хүрэлсүх, 2021 онд Л.Оюун-Эрдэнэ нар МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хамтад нь авч, С.Баярын жишгийг үргэлжлүүлсэн юм. 

Гэтэл одоо УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өмнөх З.Энхболд, М.Энхболд хоёрын “уналт”-ыг давтах гээд байж магадгүй байна. УИХ-ын дарга хүн нам удирдахаар эрх мэдэл нь хүрдэггүй, шийдвэрийн төвийг гартаа авч чаддаггүй гэдгийг хоёр ч түүхэн жишээ харуулчихсан. 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө