Парламент бол ард түмнийг төлөөлөн сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллага. Тэд хууль баталж, төсөв хэлэлцэнэ. Тэр ч утгаараа аль болох өндөр боловсролтой, мэдлэгтэй хүмүүс энэ ажлыг хийх нь зүйтэй гэж үздэг. Гэвч төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д хэд хэдэн боловсрол нимгэн гишүүд бий. Тэднийг буруутгах аргагүй. Харин энэ дунд их сургууль төгсөөгүй хэрнээ сурч байсан сургуулиудаа "төгссөн мэт" өөрийн танилцуулгадаа дурдсан нэг хүн бий. Тэр бол УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар.
-С.ГАНБААТАР ГИШҮҮН НЭГ Ч ИХ СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ АТЛАА ХУУЛЬ ЗӨРЧИЖ МАГИСТРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЖЭЭ-
УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь 2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд нийт дөрвөн удаа сонгогдоод байгаа нь энэ юм. Түүний хувьд танилцуулгадаа 1988-1989 онд МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл, 1989-1991 онд Политехникийн дээд сургууль, 1991-1993 онд ЗХУ-ын Новосибирск хотын Геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургуульд тус тус суралцаж байсан гэж мэдүүлжээ. Гэвч эдгээр сургуулийн он цагийг харвал дөрвөн жил сурсан нь үгүй. Тэрбээр өөрийн амаар ч эдгээр сургуулиудыг төгсөөгүй гэдгээ хэлсэн байдаг.
Үүнийгээ тэр “оны алдаа” ч гэдэг, “үгийн алдаа” ч гэж тайлбарладаг. Ямартай ч С.Ганбаатар гишүүн дээд боловсролгүй гэсэн үг.
Хамгийн ноцтой нь дээд боловсролгүй атлаа 2010 онд Хөдөлмөрийн дээд сургууль, Хөдөлмөрийн эдийн засагч, эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан байгаа юм. Уг нь хууль, журамдаа бакалаврын зэрэгтэй хүн магистрын зэрэг хамгаалах ёстой. Гэтэл бакалаврын зэрэггүй С.Ганбаатар гишүүн 2010 онд буюу УИХ-ын гишүүн болохынхоо өмнөхөн магистрын зэрэг авсан нь уг Хөдөлмөрийн дээд сургууль хууль зөрчсөн гэсэн үг болно. Түүнчлэн CV бол тухайн хүний намтар биш тул сурч байсан сургуулиудаа бус заавал төгссөн сургуулиа бичих ёстой. Гэтэл ард түмнийг төөрөгдүүлэх гэж байгаа мэт сурч байсан баахан сургуулиудаа төгссөн мэт бичээд зогсохгүй хууль зөрчиж магистрын зэрэг хамгаалжээ.
ВИДЕО:
-ДЭЭД БОЛОВСРОЛГҮЙ, ДИПЛОМГҮЙ ХЭРНЭЭ ИХ СУРГУУЛЬД БАГШИЛЖ БАЙСАН ГЭЖЭЭ-
Үүгээр зогсохгүй түүний танилцуулга дээр бас нэгэн сонирхолтой зүйл байгаа нь түүний ажилласан байдал. С.Ганбаатар гишүүн 2002-2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, багш, 2003-2005 онд Удирдлагын академи, багшаар тус тус ажиллаж байсан хэмээн мэдүүлсэн байгаа юм. Тэгвэл тэрбээр энэ үедээ дээд боловсролгүй, дипломгүй, магистрын зэрэггүй байсан гэсэн үг. Ийм хүнийг их сургуульд багшаар ажиллуулна гэдэг боломжгүй зүйл. Иймд С.Ганбаатар гишүүн ажиллаж байсан байдлаа ч бас худал мэдүүлсэн үү гэдэг нь анхаарал татаж байна.
Түүнчлэн энд УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийн талаар товч дурдвал, АТГ-аас түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Улмаар Нийслэлийн прокурорын газраас С.Ганбаатар гишүүний холбогдох хэрэгт яллаж, хэргийг шүүхэд шилжүүлээд буй. Гэвч тэрбээр энэ бүх хэргээ “дарангуйлал тогтлоо, намайг зориудаар шалгаж байна” гэх үгээр халхавчилсаар байгаа. Магадгүй улс төрийн авлига гээч зүйл “дарлахгүйгээр дарагдахгүй” түвшинд хүрсэн ч байж мэдэх юм.