Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Гадаад хэргийн сайд Арарат Мирзоянтай уулзсан байна.
Гадаад харилцааны сайд нар Монгол, Арменийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд харилцан сонирхсон салбаруудад идэвхтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-д гарын үсэг зурав. Уг хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих эрх зүйн орчин бүрдэж байгаа бөгөөд аялал жуулчлал, соёл, боловсрол, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.