О.Цогтгэрэлийг АН-ын даргад бүртгэсэн тул Бүлгийн даргад Ж.Батсуурь, Ц.Баатархүү, Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

О.Цогтгэрэлийг АН-ын даргад бүртгэсэн тул Бүлгийн даргад Ж.Батсуурь, Ц.Баатархүү, Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

Наймдугаар сарын 31 /2025.08.31/-ны өдөр хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, тус намын даргаараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгосон. Улмаар үүний дараа АН-ын Их хурал хуралдаж, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар батламжилсан юм.

Харин өнгөрөгч Пүрэв гараг /2025.09.18/-т болсон Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хуралдаан болж Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм. Тэгвэл АН-ын даргаар О.Цогтгэрэлийг УДШ бүртгэсэн тул тус нам дотор хоёр томилгоо явагдах гэж байна.

Тодруулбал,  О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын албан тушаалаа өгөх бол АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь өөрчлөгдөх яриа гарч байна. 

Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Ж.Батсуурь, Х.Тэмүүжин, Б.Жаргалан нар өрсөлдөнө гэдгээ бүлгийн гишүүддээ мэдэгдсэн байна. Ц.Баатархүүгийн хувьд, 1980 оны залуучуудаа төлөөлж "Морьтон" фракцаас нэр дэвшиж байгаа бол, "Нэг монгол" фракцаас "Фортуна" Н.Батбаярын охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан, "Мондэ" фракцаас Ж.Батсуурь өрсөлдөж байгаа аж. 

Харин УИХ дахь АН-ын бүлгийн даргад С.Эрдэнэболд өрсөлдөнө гэдгээ илэрхийлж байгаад Ц.Баатархүүгээ дэмжиж нэрээ татахаар болсон гэх мэдээлэл байна. Тэгвэл өнөөдөр /2025.09.22/ УИХ дахь АН-ын бүлгийн дарга тодорно гэх мэдээлэл байна. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгээр УИХ-ын гишүүн асан Н.Ганибал ажиллаж байгаа. Л.Гантөмөрийг АН-ын даргаар ажиллаж байхад Ц.Туваан нарын тэргүүлдэг "Нэг монгол" фракцаас Н.Ганибалыг томилуулсан гэдэг. Харин АН-ын даргаар О.Цогтгэрэл болсон тул Ерөнхий нарийн бичгийн даргаа өөрчилж магадгүй байгаа аж.