МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг маргааш /2025.09.20/ -ийн 11:00 цагт хуралдуулахаар Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар гишүүддээ зар хүргүүлсэн гэх мэдээлэл гарч эхлээд байна. Учир нь МАН-ын Бага хурлыг зарлаж, хуралдуулах эрх нь Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэд байдаг бол Удирдах зөвлөлийн хурлаа зарлах эрх нь тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт байдаг байна.
-Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТАНХИМЫН ДӨРВӨН САЙД МАН-ЫН ХОРООНЫ ДАРГА, ЗУРГААН САЙД МАН-ЫН ХОРООНД НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮС БАЙНА-
Маргааш болох Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын Бага хурлын тов болон хурлаар хэлэлцэх асуудлыг тогтох юм. Харин удахгүй болох МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийн Монгол ардын намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, дараагийн даргыг тодруулна. МАН-ын шинэ даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн бол мөн Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөх нь тодорхой байгаа. Сонирхуулахад, МАН-ын даргад Г.Занданшатарыг генсек Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын удирдлагууд дэмжиж байгаа бол Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ дэмжин ажиллаж байгаа гэдэг.
Зарим хэвлэл, “Бага хурлын мандатыг тоолоход Д.Амарбаясгалан МАН-ын сунгаанд ялах магадлал өндөр байна. Учир нь Бага хурлын одоогийн бүтэц түүний үед бүрдсэн хэвээр байгаа” гэсэн мэдээллийг цацах болсон. Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болгох Бага хурлын гишүүдийн “мандат” тоо хангалттай бүрдсэн гэж Л.Оюун-Эрдэнэ үзвэл Бага хурлаа өнөөдөр ч зарлах боломжтой. Гэтэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийг хүртэл Бага хурлаа зарлахгүй байгаа нь Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болгох Бага хурлын гишүүдийн тоо хангалттай бүрдээгүй байж магадгүй байгаа юм.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар зарлаж байгаа нь Г.Занданшатарыг МАН-ын даргаар дэмжиж, саналаа өгөх Бага хурлын гишүүдийн тоо бүрдсэн тул зарлаж байж болзошгүй байна.
Тэгвэл МАН-ын Бага хурал 400 орчим гишүүнтэй бөгөөд эдгээр нь 21 аймаг, есөн дүүргийн МАН-ын хороодны төлөөлөгчдөөс бүрддэг. Харин Бага хурлын хуралдаа оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналыг авсан нэр дэвшигч л МАН-ын даргаар сонгогдсон тооцогдоно. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын дөрвөн сайд нь аймаг, дүүргийн МАН-ын хорооны дарга байгаа бол үлдсэн ихэнх сайдууд нь аймаг, дүүргийн МАН-ын хороондоо нөлөө бүхий хүмүүсээс бүрдэж байгаа бөгөөд МАН-ын даргад Г.Занданшатарыг аймаг, дүүргийн 19 МАН-ын хороо болон Бага хурлын төлөөлөгчид дэмжих төлөвтэй байна.
Тодруулбал,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга
- Батлан хамгаалахын сайд Д.Батлут Орхон аймгийн МАН-ын хорооны дарга
- Соёлын сайд Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дарга
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга,
- Ерөнхий сайд Г.Занданшатар Баянхонгор аймгийн МАН-ын хороонд нөлөө бүхий
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Баян-Өлгий аймгийн МАН-ын хороонд нөлөө бүхий
- ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн МАН-ын хороонд нөлөө бүхий
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Увс аймгийн МАН-ын хороонд нөлөө бүхий
- ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар Дархан-Уул аймгийн МАН-ын хороонд нөлөө бүхий
- Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн МАН-ын хороонд нөлөө бүхий
Г.Занданшатарыг МАН-ын даргад дэмжих МАН-ын хороо болон Бага хурлын төлөөлөгчид,
- Хан-Уул дүүргийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Архангай аймгийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Өвөрхангай аймгийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Завхан аймгийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Говьсүмбэр аймгийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Сүхбаатар аймгийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Дорнод аймгийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Төв аймгийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
Нөгөөтэй Г.Занданшатарыг Ерөнхий сайд болоход одоо байгаа МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийн гуравны хоёр нь дэмжиж, тус албан тушаалд томилсон байдаг. Иймд Г.Занданшатарыг МАН-ын даргад дэмжих Бага хурлын гишүүдийн 2/3-ын санал одоо ч байгаа гэж харагдаж байгаа юм.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргад 11 МАН-ын хороо болон эдгээрийн Бага хурлын төлөөлөгчид нь дэмжих төлөвтэй байна.
Тухайлбал,
- Говь-Алтай аймгийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчи
- Дундговь аймгийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчд
- Дорноговь аймгийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Өмнөговь аймгийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Хэнтий аймгийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Булган аймгийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Баянгол дүүргийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Налайх дүүргийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Багануур дүүргийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
- Багахангай дүүргийн МАН-ын хороо, түүнээс сонгогдсон Бага хурлын төлөөлөгчид
Тэгвэл МАН-ын хороод болон эдгээрээс сонгогдсон МАН-ын Бага хурлын төлөөлөгчид дээр Н.Энхбаярын МАХН-аас элссэн 30 төлөөгч жин дарна. Сүүлийн үед Н.Энхбаярын өрнүүлж буй улс төрийн акц, мэдэгдлээс харахад тэрээр Г.Занданшатарыг МАН-ын даргад дэмжиж байх талтай байгаа. Харин Н.Энхбаярын Бага хурлын 30 төлөөлөгчид бүгд түүний үгэнд орохгүй 50/50 хувиар Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар дээр хуваагдаж саналаа өгнө гэсэн таамаг яриа тус намын гишүүд дунд гарсан байна.
МАН-ын Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналыг авч чадсан нэр дэвшигч МАН-ын дарга болох бөгөөд Бага хурлын гишүүдийнхээ дийлэнх олонхын саналыг авч чадаагүй бол МАН-ын Их хурлын төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулж, шийдвэрлэх дүрмийн зохицуулалттай. Энэ бүхнээс харвал Г.Занданшатар МАН-ын Бага хурал болон Их хурлын төлөөлөгчдийнхөө дийлэнх олонхын дэмжлэгийг авч магадгүй байна.