Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалт, тоон мэдээллийн талаар ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд манай улсад коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол Сэлэнгэ аймаг, Дархан-уул аймагт тус тус бүртгэгдэж, тусгаарлалтад авсан байна.
Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Турк, Солонгос, Энэтхэгт аялсан эмэгтэй Сэлэнгэд, ОХУ-аас ирсэн оюутныг Дарханд тусгаарлалаа. Энэ хоёр иргэнд уушгины хатгааны шинж илэрсэн. Сэлэнгэд тусгаарлагдсан иргэний хавьтал болох зургаан иргэнийг мөн тусгаарласан" гэлээ.
273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү "Өнөөдрийн байдлаар нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж гарсан. Токиогийн онгоцноос ирсэн 26 иргэнийг тусгаарлалтаас гаргаж, шинээр ирэх 74 хүнийг хүлээн авахаар бэлдэж байна. Өчигдөр ирсэн хоёр иргэний шинжилгээний сорьцийг нааш нь авч явуулсан. ДЭМБ, Японоос ирсэн оношлууруудыг ашиглаж байна. Хятадаас ирсэн оношлуурууд нөөцөнд байгаа. Түргэвчилсэн оношлуур 20-30 минутын дотор хариу гардаг учраас шаардлагатай үед ашиглаж байгаа” гэлээ.
Итали улсад коронавирусээс үүдсэн нас баралт буурчээ
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Өнөөдрийн байдлаар 206 оронд коронавирусын тохиолдол бүртгэгдсэн. Шинээр Карибын Нидерландс улсад илэрсэн. Итали улс дөрөвдүгээр сарын 13 хүртэл хөл хориогоо сунгаад байна. Өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусийн 110 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 1300 гаруй хүн нас бараад байна. Ойрын өдрүүдэд нас баралтын тоо эрчимтэй өсөж байсан ч өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд нас баралтын тоо 110-аар буурчээ.
Италийн эрүүл мэндийн сайд Роберто Сперанза "Мэргэжилтнүүд бид зөв арга хэмжээг авахыг эрмэлзэж байгаа нь үр дүнгээ өгч байна” гэв. Гэхдээ коронавирусийн халдваорын дэгдэлт буурах болоогүй, удаан үргэлжлэх аюултай байгааг тэрээр онцоллоо.
М.Тэргэл